Хэдэн төгрөгийн хувьцаатай гэдгээ яаж мэдэх вэ?
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаж 1072 хувьцааны ногдол ашгийг тараахаар болсон. Үүнтэй холбогдуулан хэдэн төгрөгийн хувьцаатай вэ мэдэх арга болон бусад мэдээллийг хүргэе. Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг тус оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон. Ингэснээр нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдсон. Тухайн үед Засгийн газраас 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон байдаг. Өнөөдөр 90 төгрөг болсон юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай бөгөөд үлдсэн 80 хувийг Засгийн газар, ААН-үүд эзэмшиж, биржид арилжаалахаар анхлан төлөвлөсөн. Одоогоор тус хувьцааг 2.5 сая иргэн эзэмшдэг.
A Flourish data visualisationХувьцааг Монгол Улсын иргэн, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон нэг сая төгрөг, оюутны сургалтын төлбөрт олгосон нэг сая төгрөгийг аваагүйгээс гадна 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн иргэд хувьцаа эзэмших эрхтэй. Харин хойш төрсөн иргэд эзэмшихгүй юм. Түүнчлэн 2011.04.01-2012.04.11 өдрийн хооронд нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан иргэдэд хувьцаа эзэмшүүлээгүй байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн мөнгөн дүнгээр хасагдуулжээ. Өөрөөр хэлбэл,
-2011 онд оюутан сургалтын төлбөр 500.000 төгрөг
-2012 онд оюутны сургалтын төлбөр 491.960 төгрөг
-2011 онд эрүүл мэндийн даатгал 8.040 төгрөг
-Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон сая төгрөг хүртэл хэлбэрээр хувьцаагаа авсан бол 1072-оосоо хасагдана гэсэн үг. Тухайлбал, та 2011 онд эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн. Тэгвэл таны 8040 төгрөгт ногдох хувьцаа 1063 байна. Бодох аргачлал нь (1072*8040) / 1000000 = 8.61888 ≈ 9 болно. Дараа нь 1072 – 9 = 1063 гарч байна. Мөн иргэн Болор оюутан байхдаа 2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500000, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8040 төгрөг нийт 508040 төгрөгийн хишиг хувь хүртжээ. Тэгвэл түүнд 527 ширхэг хувьцаа байна. Бодох аргачлал нь (1072*508040) /1000000 = 544.618 ≈ 545 болно. Дараа нь 1072-545=527 хувьцаа үлджээ. Нэгж хувьцааны үнэ 90 төгрөг. Тэгвэл иргэн Болорт 527*933=47430 төгрөгийн хувьцаа байгаа юм. Энэ мэтчилэн та ч гэсэн хувьцаагаа бодоорой.
2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр иргэд Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300 мянган төгрөг авсан. Зарим нь 300 мянган төгрөгөө бүрэн авч, нэг хэсэгт нь 200, 100 мянга дутуу орж ирсэн нь ч бий. Тэдгээр иргэн хувьцаагаа хэрхэн авах талаар мэдээлэл хүргэе. Хэрэв та тэр үед Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300 426 төгрөг авсан бол 322 ширхэг хувьцаа хасагдаж 750 ширхэг хувьцаа эзэмшинэ. Харин хувьцаагаа худалдаж 200 284 төгрөг авсан бол 215 ширхэг хувьцаа хасагдаж 857 ширхэг, 100 142 төгрөг авсан бол 108 ширхэг хувьцаа хасагдаж 964 ширхэг хувьцаа эзэмших юм. Эдгээр хэлбэрээр мөнгөн тэтгэмж аваагүй иргэд болон Засгийн газарт хувьцаагаа арилжаагүй тохиолдолд таны хувьцааны тоо 1072 ширхэг байх ёстой. Үүнийгээ та Засгийн газраас тогтсон нэгж хувьцааны үнэ болох 90 төгрөгөөр үржүүлэн бодож, хэдэн төгрөгийн хувьцаатайгаа мэдэж болох юм.
Иргэд 1072 хувьцаагаа авахын тулд заавал үнэт цаасны данстай байх ёстой. Учир нь тодорхой хугацааны дараа “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг хөрөнгийн бирж дээр албан ёсоор арилжиж эхэлсний дараа данстай хүмүүс энэ дансаараа дамжуулан хувьцааны ногдол ашгаа авах, зарах гэх мэт захиран зарцуулах эрхтэй болно. Эхлээд та данс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч эсэхээ шалгах хэрэгтэй. Ингэхдээ Үнэт цаасний төвлөрсөн хадгаламжийн төвийн www.schcd.mn цахим хуудас руу нэвтрэн өөрийн регистрийн дугаарыг кирилл үсгээр шивж оруулан шалгах юм.
Хувьцаа эзэмшигч эсэхээ мэдсэний дараа Монголын хөрөнгийн биржийн www.mse.mn хуудаст хандан бүртгэлтэй брокерийн компаниудаас сонгоно. Брокерийн компаниа сонгохдоо
-Үйл ажиллагаа явуулсан туршлага, нэр хүнд
-Тогтмол үйл ажиллагаа явуулдаг эсэх
-Байршил, техник тоног төхөөрөмж, харилцах боломжууд гэх мэтийг анхаарна. Мөн данс нээлгээгүй тохиолдолд брокерын компанид хандан дансаа нээлгэнэ. Сонгосон брокерийн компанидаа очихдоо
-Иргэний үнэмлэх
-Төрсний гэрчилгээ /насанд хүрээгүй хүүхдийн/
-Сонгосон брокерийн компани руу холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авч болно.
-Брокерт хандан данс нээлгэснээр та хувьцаагаа өөрийн дансанд баталгаажуулсан гэсэн үг юм. Монголд үйл ажиллагаа явуулж буй брокерийн компанийн мэдээллийг дээр дурдсан Хөрөнгийн биржийн цахим хуудаст нэвтрэн мэдээллээ аваарай. Түүнчлэн хувьцааныхаа мэдээллийг 158989 дугаарт регистрийн дугаараа латин үсгээр илгээн авах боломжтой. Тухайлбал, таны регистер ПЕ9......7 бол та PYe9......7 гэж илгээгээрэй.