Цагаан сараар бүх хөдөлгөөнийг хязгаарла

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаа. 2020 оны хоёрдугаар сарын 17 буюу өчигдрийн 10:00 цагийн байдлаар 71269 хүн энэ өвчний халдвар авч, 1773 хүн нас барсан талаар Эрүүл мэндийн яам мэдээлсэн.  Манай улсад одоохондоо энэ өвчний халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэхдээ хоёрдугаар сарыг дуустал, хөл хорио тогтоосон гуравдугаар сарын 2 болтол маш сайн хамгаалж, олныг хамарсан үйл ажиллагааг бүрэн хориглох хэрэгтэй. Энэ талаар ч албаны хүмүүс сануулсаар байгаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр “Монголчууд аа, Та бүхэндээ хандан настан буурлууддаа эрсдэлд учруулахгүйгээр орчин цагийн технологийн дэвшил зэргийг ашиглан амар мэндээ мэдэлцэн золголт хийхийг уриалж байна. Биеэр уулзаж золгох нь ихээхэн эрсдэлийг дагуулах учир энэ өвчний тархалтыг буурах хүртэл тэвчин өнгөрөөх нь ахмад настнуудад маань тустай юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын анхааруулгаас үзэхэд шинэ титэмт вирусийн тархалт нь мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаас илүү ноцтой төлөвтэй байна. Вирусийн өвчлөлийг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх нь одоогоор мэдэгдэж байгаа хамгийн найдвартай арга тул Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна” хэмээн уриалга гаргалаа.
УИХ-ын дарга “Бөмбөгөр” худалдааны төв, эм ханган нийлүүлэх байгууллагуудын үйл ажиллагаа, үнэ өртөг, хүрэлцээ хангажтай танилцах үедээ  цахимаар золгохыг уриалсан. Золголтын мөнгөө ч цахимаар шилжүүлэхийг уриалж, Засгийн газраас цахим шилжүүлгийн шимтгэлийг тэглэх чиглэл өгсөн гэдгийг ч хэлсэн. Ерөнхий сайд  У.Хүрэлсүх мөн л өчигдөр “Монголын ард түмэн ямар хариуцлагатай хүмүүс вэ гэдгийг энэ үйл явдал харуулах байх. Иргэд маань өөрийн эрүүл мэнд, үр хүүхдийнхээ аюулгүй байдал, ахмад настнуудынхаа амь нас, улсынхаа аюулгүй байдал, үндэстнийхээ тусгаар тогтнолыг бат бөх байлгая гэж бодож байгаа бол хариуцлагатай байх ёстой. Хүн бүр маскаа зүүх хэрэгтэй. Цагаан сарын баяраар айл хэсэхгүй байх хэрэгтэй” гэдгийг ч хэллээ.
Төрийн гурван өндөрлөг бүгд л дор бүрнээ уриалга гаргав. Харин иргэдийн хэдэн хувь нь уриалгыг дагаж, үүргээ ухамсарлаж, бусдыгаа хайрлах бол.  Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Нарантуул” зах бужигнаж, улаанбаатарчууд сар шинийнхээ бэлтгэлийг тодорхой хэмжээнд хангах шиг боллоо.  Энэ долоо хоногтоо, тэр дундаа ирэх амралтын өдрүүдээр бүр ч бужигнаж мэдэхээр байна, энэ янзаараа.  Энэ бүхэн монголчууд төр засгийн шийдвэрийг дагаж мөрдөхийг 100 хувь дэмжихгүй байгааг илтгэнэ.  Уламжлалт баяраа тэмдэглэнэ, хөдөө явна гэсэн хүмүүс ч их байна.
Тэгээд ч Ерөнхийлөгч сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх зарлиг гаргаж, дарга нар уриалах гэсээр байтал хаа сайгүй л айл өрхүүд сар шинэдээ бэлтгэчихсэн. Бууз, баншаа хийгээгүй, тавгын хэвийн боовоо аваагүй айл бараг л үлдээгүй болов уу. Цагаан сараар гоёх дээл хувцсаа ч захиалдгаараа захиалчихсан. Бүх бэлтгэлээ хангасан хүмүүс цагаан сараа хийж л таарна. Уг нь аль эрт л сар шинийн баярыг энэ жилдээ өнжицгөөе гэсэн шийдвэрийг төр, засгаас гаргаад, уриалчихсан бол хүмүүст бэлтгэлээ хангахгүй байсан. Шийдвэр гаргах гэж дуншсаар байтал буузаа хийж хөлдөөгөөд, ууц, өвчүүгээ чаначихаад байдаг. Нөхцөл байдал ингэтлээ хүндэрнэ гэж төр засгийнхан маань ч бодоогүй байх. Тиймээс цагаан сарыг тэмдэглэхгүй өнжих шийдвэр, уриалгыг яаран гаргаагүй биз.
Одоо нөхцөл байдал нэгэнт тодорхой байна.  Хэрвээ иргэд золголт хийх гээд бужигнаад, хөдөө гадаа яваад эхэлбэл бидний хичээл зүтгэл талаар болох ч аюултай. Тиймээс цагаан сараар бүх хөдөлгөөнийг хязгаарла. Улаанбаатар хотод автомашин, такси, тэр ч битгий хэл нийтийн тээврийг гурав хоног явуулахгүй байсан ч яадаг юм.  Түргэн тусламж, онцгой, цагдаа, галын машин нь л явна биз.  Мөн хөдөө орон нутаг руу гарах, орох хөдөлгөөнийг ч хязгаарламаар байна. Тэгэхгүй бол хотод цагаан бол болохгүй бол хөдөө очиж өргөн дэлгэр тэмдэглэнэ гэсэн хүмүүс маш олон байгаа.  Битүүн, шинийн 1-ий өдөр хөдөө орон нутаг руу явах машины цуваа дээд цэгтээ тулбал яах билээ.  Бас л аюултай нөхцөл байдал үүснэ.
ОБЕГ-ын дарга Т.Бадрал шаардлагатай нөхцөлд орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөнийг хаана гэж хэлсэн. Тэр шаардлагатай нөхцөл чинь аль хэдийнэ үүсчихээд байна.  Тиймээс аль эрт шийдвэр гаргаад, хэзээнээс эхэлж орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөнийг хаах. Сар шинээр нийслэлд ямархуу нөхцөл байдлыг мөрдүүлж ажиллахаа шийдчихмээр байна. Тэгвэл хүмүүс ажлаа зохицуулаад, хөдөө явах зайлшгүй шаардлагатай нь эртхэн явна. Тэгэхгүй гэнэтхэн л шийдвэр гаргаад, иргэдээ цочроогоод баймааргүй байна.  Хөдөлгөөн хаахгүй л бол монголчууд золгодгоороо золгож, хөдөө гадаа явдгаараа л явна даа, харж л байгаарай.



скачать dle 12.0

Холбоотой мэдээ