Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь


М.Батбаяр Лодонгийн Түдэв гуайн хамт
Бид домогт Лодойхүү баатраа мартах учиргүй. Тэр хүн бол манай сумын түүхэнд төдийгүй Монголын түүхэнд гавьяа байгуулсан хүн. Халиун сумыг анх үүсгэн байгуулчихаад Ёлтонгийн услалтын систем, Хурын булан, Хуримт, Намалзахын голын Толингорын ширэгт ногоо тариалж сумын төвийн дээхнэ талд Жимсний мод тариалж алим, ранетик, үхрийн нүд, шар чавга тарьсан нь одоо ч тэр нутгийн хүн зоныг тэжээсээр байна. Халуун говь элсэн дунд ийм жимсний аж ахуй, хүнсний ногоо тариална гэдэг бол их ухаан төдийгүй их хөдөлмөр байсан байна. Усны урсгалыг шуудуу татаж усжуулсантай холбоотой. Хийж бүтээе гэсэн хүнд сэтгэл байвал хэрхэн бүтдэгийг энэ их бүтээн байгуулалтаар харуулж чадсан юм. Халиун анх байгуулагдаж гал голомтоо бадраахад 500 ширхэг ном, бичгийн машин бэлэглэж байсан хүн нь Лодонгийн Түдэв гуай юм билээ. Хорь гаруйхан насандаа алдарт "Уулын үер” романаа туурвисан зууны манлай Түдэв гуайнд охиноо дөрвөн настай байхаас нь дагуулаад очдог байлаа. Охиныхоо уншсан ном, цээжилсэн үлгэр, шүлгийг нь сонсгох гэж тэр том зохиолч, суут эрдэмтний гэрт дагуулж очдог байв. Охин маань долоо настай байх үеийн нэгэн дурсамж санаанд бууж байна. Нэг орой охин маань унтдаггүй бүр шөнийн 1 цагт хичээлээ хийгээд байхаар нь "Миний охин одоо унт” гээд унтуулчихсан юм. Өглөө хичээлдээ явахдаа "Аав аа, би шөнө гурван цагт босож таван цаг хүртэл хичээлээ хийчихээд унтсан” гэж байна. "Яагаад миний охин шөнө боссон юм бэ” гэж намайг асуухад "Түдэв өвөө намайг их ном уншдаг мундаг охин, өвөө нь ийм их ном бичсэн. Өвөө шигээ дэлхийд алдартай Монголоо гэсэн сэтгэлтэй сайн охин болоорой гэж хэлсэн. Тийм болохоор би даалгавраа хийхгүй унтаж болохгүй ш дээ” гэж билээ. Ийм жаахан охин их хэрсүү ухаан суусныг бодоход тэр мундаг хүн бусдад хэрхэн нөлөөлж байгааг бодоход үнэхээр гайхалтай санагдаж билээ.
Аав маань Хувцагааны Мягмардаш гэж Халиун сумын дунд сургуульд 19 настайгаасаа багшилсан багш хүн байдаг. Сумын сургуульд сурч байхдаа "Цэнхэр залаа”-гийн Б.Наранбаатар хэмээх алдарт хөгжмийн зохиолч, хөгжимчинтэй "Говийн наран” хэмээх цахилгаан хөгжмийн хамтлагийг байгуулж соёлын үрийг тарьж явлаа хэмээн дурсдаг. Тухайн үедээ "Соёл-Эрдэнэ” хамтлагийн дараа байгуулагдсан гэхээр Монгол Улсын хоёр дахь хамтлаг байх шүү. Одоогийн тод манлай уяач, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Т.Гантөмөр ахтай хамт 1991 онд "Ентүм” ХХК-ийг үүсгэн байгуулж сум, аймгийнхаа олон хүнийг ажлын байраар хангаж орон нутагт олон үйлдвэр нээн ажиллуулсан бизнесмэн хөдөрмөрч хүн билээ. Аав маань тус компанийн гүйцэтгэх захирлаар өнөөг хүртэл тууштай үр бүтээлтэй ажиллаж байгаа нь аливаа ажилдаа үнэнч сэтгэлтэй, хөдөлмөрч, шударга хүн гэдгийн нь нутгийн зон олон үнэлж хэлдэг юм. "Ентүм” компанийг анх үүсгэн байгуулахдаа Т.Гантөмөр ах Халиун сумынхаа жимсний модыг худалдан авч нутгийн хөдөлмөрч түмнээ түшиглэн бизнесээ эхлүүлж байхад би жаахан хүүхэд байлаа. Тус компани чацарганаар "Алтай” хэмээх дарс, шампанск, чацарганы тос зэргийг үйлдвэрлэж Монгол Улсдаа Говь-Алтайн брэнд бүтээгдэхүүн болтол үйлдвэрлэж байна. Тус компанийн хамт олон бол аймагтаа эсгийний үйлдвэр, ноос угаах үйлдвэр, өндөр хүчдэлийн шонгийн үйлдвэр, архи, дарсны үйлдвэр, чацарганы тосны үйлдвэр, өлөнгийн цех, хиамны цех, ундааны үйлдвэр, зочид буудал, ресторан, ШТС, газар тариалан, жимс жимсгэнэ тариалах зэрэг бизнесүүдийг амжилттай эрхлэн явуулж байгаа эгэл жирийн хөдөлмөрч хүмүүс билээ.
Аавын маань ээж Б.Бямбаа 1973-1977 онуудад АИХ-ын депутатаар сонгогдож төрдөө хөдөлмөр алдраа үнэлүүлсэн азтай буурал одоо сэрүүн тунгалаг байна. Олон жил байцаа тариалахдаа байгаль цаг уурын нөхцөлд тохирсон, тэсвэртэй эрт ургацын нэг га талбайгаас 35-40 тн байцаа хурааж улсын дээд амжилт тогтоохын зэрэгцээ олон хүнд зааж сургаж үлгэр дуурайл болсон "Улсын аварга ногоочин” билээ. Шинжлэх ухаан, технологи хөгжсөн өнөө үед хүртэл энэ амжилт нь эвдэгдээгүй байна. Тэр үед нэг ширхэг байцаа 9-14 кг хүртэл ургуулж байсан гэж буурал ээж маань хэлдэг. Өглөө таван цаг гэхэд л босоод гэрийн ажлаа амжуулаад зургаан цаг гэхэд ногооны талбай дээрээ оччихсон зэрлэгээ зулгааж, ногоогоо услаад л явж байдаг үнэхээрийн хөдөлмөрч хүмүүс билээ.
Халиун сумын маань хүн зон бол асар их хөдөлмөрч, аж ахуйч, үнэнч шударга, оюунлаг хүмүүс байдаг гэдгийг нутагтаа очих бүртээ, нутгийнхантайгаа уулзах бүртээ илүү их ойлгож байна. Эх орны хөгжил сумаас эхтэй гэдэг. Өнгөрсөн жил 60 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхэд үе үеэрээ нийлж сумандаа их бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт хийж уулзаж суухдаа нутгаа ямар их санаа вэ гэж ярьж байхыг сонсоход монгол хүн бол төрсөн өссөн газраа хөгжүүлэх сэтгэл их байдаг юм байна гэж бодсон. Тиймээс сумаа төдийгүй, аймаг болон Монгол Улсаа хөгжүүлэхэд хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэх бодол зүрх сэтгэлд дүүрэн байна.
Өнгөрсөн оны хавар зохион "Ирээдүй-Алтай” оюутан залуучуудын холбооноос зохион байгуулсан Алтайн залуучуудын "Цагийн зөрүү” нэртэй уулзалт арга хэмжээнд оролцохдоо хойч үедээ хандаж хэлсэн үг нь "Хөдөлмөр хүнийг алдаршуулдаг юм” гэж хэлсэн энэ үгийг би байнга бодож явах болсон. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд тус арга хэмжээний борлуулалтын орлогыг Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн яаралтай тусламжийн тасгийг тохижуулахад зарцуулсан нь Алтайн залуучуудын хүсэл сэтгэл нэг зүгт байгааг харуулж байсан. Монголын ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулж яваа олон сайхан манлайлагч хүмүүс ирж илтгэл тавьсан тэдгээр бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа энэ дашрамд давхар илэрхийлье.

"Аавтайгаа би адуунд явсанАлтан нарны илч зулай дээр минь төөнөсөнАмьдралын минь турш тэр нар жаргаагүйАавтайгаа би адуунд явмаар байнаЭэжтэйгээ би аргалд явсанЭэх нарны туяа хацар дээр минь туссанЭргээд бодоход тэр нар жаргаагүйЭэжтэйгээ би аргалд явмаар байнаУулсын минь оройд нар жаргадагүй юмСүмбэр болохоор тэр бизУхаан ардын минь сэтгэлд нар жаргадаггүй юмСүүн цагаан сэтгэлтэй болохоор тэр бизМонгол хүний сэтгэлийн наран жаргадаггүй юмМөнх ариун заяа дээшээ болохоор тэр бизМиний сэтгэлийн наран жаргадаггүй юмМонгол хүн болохоор тэр биз ээ” хэмээн эх нутаг, ижий ааваа санасан сэтгэлээр бичсэн сэн.
Хүүхэд нас маань Халиун голын хөвөөнөө улиас модны сүүдэрт тоглож наадаж өссөн. Буурал ээжийнх маань "Голын зүүн”-д олон айлуудтай зэрэгцэн бууж зусдаг байлаа. Зуны халуун салхи сэвэлзэж айл хотлоороо малаа хотлуулж саахалт айлдаа хурга ишгээ ялгаж хүргэхээр явахад жаргах нарны туяанд гялтганан харагдах малын хөлийн тоос бужигнаж тухайн үед их хэцүү санагддаг байсан бол одоо түүн шиг жаргал байхгүй санагдах болжээ. Хүний амьдрал их сонин юм аа. Хүүхэд насны энэ дурсамж өчигдөр юм шиг тод санагдаж байна. Олон олон монгол хүн над шиг нутгаа санаж явдаг байхаа. Эх орон минь дуу алдам сайхан юм. Нутгаа зүүдлээд, санаад байхаар нь гэртээ Бурхан Буудай уулынхаа зургийг угаалгаж тавьснаас хойш гайгүй болсон шүү. Боломж л олдвол нутагтаа очоод ирэх бодолтой байдаг. Хүүхэд байхад хонинд явах, хурдны морь унах олон олон хүүхдүүдтэй тоглох гэдэг бол санаанаас огт гардаггүй том дурсамж байдаг юм байна. Ээжийн маань аав Г.Жамсран гэж аймгийн алдарт уяач, жинчин, малчин хүн байлаа. Нутгийнхан бол "Бурхан уулын эзэн” гэнэ. Бурханбуудай уулынхаа хүрээгүй очоогүй газар гэж үгүй, яг л байгаль хамгаалагч шиг байдаг байсан болохоор тэгж хэлдэг байсан байх аа. Жараад онд БНХАУ руу тэмээн жин тээж гурил, будаа авчрахын зэрэгцээ Өмнөговь аймгаас тэмээний наймаа хийн нутгийн тэмээн сүргийг сайжруулж байсан гэдэг. Алиа хошин зантай, нөхөрсөг тийм сайхан хүн байлаа. Нутгийн хөгшид маань бие биенээрээ их хатуу тоглодог байж билээ. Одоо бодоход бүгд их ухаантай хүмүүс байж дээ.
"Уулс бууралтаж намрын хяруу уначихаадУйтай намар ижийтэйгээ ярьж суухадШарлаж хатсан дэрс найган бөхөлзөхөдШаргал намраар би гуниглачихдагШувууд буцаад явчихдаг шиг нутгийн хөгшид буцчих гээдШуранхай хадаах өвгөдөө найрын хойморт үгүйлжШүлэг тэрлэж тэдэндээ очиж нэг золгох юмШүүрс алдан бодлогоширч тэднийгээ нэг дурсах юмБүгд явчихаагүй байна амьдад нь хайрлаарай өвгөдөө гэжБуцаад ирэхгүй явчихна буурлуудаа хайрлаж жаргаарай гэжБуяны цагаан өргөөний нь үүд онгорхой байнаБууж мордож яваарай нутгаа нэг зориоройЖамын орчлон гээд уйлж баахан тунивЖаргал даасангүй явлаа гэж харамсаж баахан гуниглавЖаргаж хамтдаа нэг намаржаанд нь хонож өнжөөрэй"Жаргалт”-ынхаа өвөлжөөнд байхад нь өвөлжиж хамт хоноорой” хэмээн буурал аав, ээжээ дурсан нутгийн хөгшдөө бодон хэдэн мөр холбож бодлогоширон сууж билээ. "Хаантай шар уул”-аас Хантайшир уул болтлоо өөрчлөгдсөн хааны шарилыг тээж ирсэн хар азаргыг онголж тавьсан гэх Хар Азаргын нурууны хооронд сунайх торгоны зам туулан өнгөрөх тодоос тод мөр нь үлдсэн Халиуны хоолойгоороо, мөнхүү Монголдоо төдийгүй дэлхийд ховорхон "Бурхан” нэртэй гурван уулын нэг Бурхан буудай уулаараа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг дөө. Хаадын өлгий бурхны орон байх өлзий заяатай нутаг минь.Мишигийн Цэдэндорж гуайн "Морин хуур” шүлгийг цээжилж арван жилийн сургуульдаа уншиж байлаа.
"Унаган хүлгээн дурсажУран хуураа татажУтгын яруу дуундааУярч хатуужиж суухдааХорвоогийн хамаг явдалыгХоёрхон чавхдасаар ярьдагХосгүй нэгэн овогАзийн цээжинд нутагтай ...” гээд уншихад үнэндээ бахтай билээ. Мөн тэрээр өөрийн төрсөн нутаг болох Уст Чацран голынхоо тухай "Эсэн энхийн арван найман дуу” хэмээх шүлгэндээ сумын маань хөгжлийг харагдтал бичсэн санагддаг юм."Уст Чацрангийн урсгалыгУрагш хойш нь залжХотгорын талыг та нарХотойтол тариа тарьж байна ууБурхан буудайн усаар усалсанБуудай арвайн ургац өтгөн үү...” гээд хөдөлмөрч зон олны хөдөлмөр алдрыг магтан дуулсан шүлгийн мөртүүдээр энэхүү дурсамжаа өндөрлүүлж сэтгэлийн багахан зайд минь айлчисан хүн бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе.
Мягмардашийн
Батбаяр