Амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг үүрэг болгов
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, орлогч Ш.Хавал, А.Камелият тэргүүтэй аймгийн Онцгой комиссын удирдлага, гишүүд тус аймагт үйл ажиллагаа явуулдаг банк, харилцаа холбооны компаниуд, зочид буудал, зоогийн газрын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын үеэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл, мэргэжилтэн Е.Сауле, Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Т.Серикжан нар дэлхий даяар хурдтай тархаж буй коронавирусний халдвар болон урьдчилан сэргийлэх арга зам, энэ чиглэлээр хийж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгөв.
«Улсын Онцгой комисс, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу шинэ төрлийн короновирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Энэ хүрээнд өнгөрсөн сарын 28-нд аймгийн Засаг даргын албан даалгавар гарсан.
Албан даалгаварт сум, байгууллагын удирдлагуудын үүргийг тодорхой тусгасан. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байгаа» хэмээн аймгийн Засаг дарга А.Гылымхан хэллээ.
Түүнчлэн банк, аж ахуйн нэгжүүдийн эзэмшилд байдаг сурталчилгааны самбаруудад коронавирусний халдвараас сэргийлэх зөвлөгөө, мэдээллүүдийг байршуулахыг аймгийн Эрүүл мэндийн газраас уриаллаа.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, тэтгэвэр тэтгэмжийг иргэдийн дансаар дамжуулан олгож байгаа ч банк, үүрэн холбооны компаниудын байранд хөл хөдөлгөөн багасахгүй байна.
Иймээс ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, орчны эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих, үйлчлүүлэгчдийн гарыг ариутгаж оруулах, амны хаалтгүй иргэдэд үйлчилгээ үзүүлэхгүй байх, хүмүүст аль болох түргэн түргэн шуурхай үйлчлэхийг аймгийн Шуурхай штабаас банк, харилцаа холбооны компанийн удирдлагуудад үүрэг болголоо.
Montsame.mn