Манай улсын гадаад худалдааны эргэлт 2019 онд 6.7 хувиар нэмэгджээ
Гаалийн ерөнхий газар Монгол Улсын 2019 оны гадаад худалдааны тайланг олон нийтэд танилцууллаа. Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 онд 13747.1 сая ам.долларт хүрч өмнөх оноосоо 6.7 хувиар буюу 860.6 сая ам.доллараар өсжээ. Үүнээс экспорт 7619.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оныхоос 8.7 хувиар буюу 608.0 сая ам.доллараар өссөн бол импорт 6127.4 сая ам.долларт хүрч 4.3 хувиар буюу 252.6 сая ам.доллараар өссөн байна.
Дэлхийн 153 улстай импорт, 78 улстай экспорт хийжээ. Үүнээс экспортын 88.9 хувийг БНХАУ, үлдсэн 11.1 хувийг бусад улс улс орнууд эзэлж байна. Импортын тухайд 33.2 хувийг БНХАУ, 28.2 хувийг ОХУ, 9.6 хувийг Япон, 3.1 хувийг ХБНГУ, 4.7 хувийг АНУ, 4.4 хувийг БНСУ, үлдсэн 16.8 хувийг бусад улсаас импортолжээ.