Франц, Узбекистаны бөхчүүдийн ДАШТ-ий медалийг хураажээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос /UWW/ чөлөөт бөхийн тамирчид болох Францыг төлөөлөн барилддаг Зелимхан Хажиев, Узбекистаны Хасанбой Рахимов нарын 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн медалийг хураах шийдвэр гаргажээ. Тэд сэргээшийн эсрэг дүрэм журмыг зөрчсөн байна.
Казахстаны нийслэл Нур-Султан хотод болсон ДАШТ-д Хажиев 74 хүртэлх кг-ийн жинд хүрэл медалийн эзэн болсон бол Рахимов 125 кг хүртэлх жинд хүрэл медаль хүртжээ. Хоёр тамирчин хоёулаа Токио хотноо болох 2020 оны зуны Олимпын наадамд оролцох эрхээ авсан боловч медалиудыг нь хурааж авснаар квотуудыг дахин хуваарилсан байна.
Хажиевийн хүрэл медалийг Казахстаны бөх Данияр Кайсанов авсан бол Олимпын эрх Польшийн багт очжээ. Рахимовын хүрэл медаль Хятадын тамирчин Дан Живэйд, Олимпын эрх нь Косовогийн шигшээ багт шилжжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг