АНУ-д коронавирусийн өвчлөлөөр анхны хүн нас барлаа
Covid-19 вирусийн халдвар авсан анхны өвчтөн нас барсан тухай Бямба гарагт АНУ-ын засгийн газар мэдээлжээ. Нас барсан өвчтөн нь Вашингтон мужийн иргэн, архаг хууч өвчтэй, 50 гаруй насны эмэгтэй байсан тухай Цагаан ордноос мэдээлсэн байна.
Энэхүү мэдэгдлийн өмнөхөн АНУ-ын Калифорни, Орегон мужуудад коронавирусийн халдвар дотоод эх үүсвэрээс тархсан хоёр тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын эрүүлийг хамгаалахын мэргэжилтнүүд зарлажээ.
Өөрөөр хэлбэл халдвар авсан хүмүүс нь ойрын хугацаанд гадаад оронд аялаагүй, албан ёсоор бүртгэгдсэн халдвартай хүмүүстэй ойр байгаагүй юм байна.
Муж даяар онц байдал зарлаж, болзошгүй тахалд засаг захиргааны бүх алба нэгжүүд бэлэн байх даалгаврыг Вашингтон мужийн захирагч Жэй Инсли өгсөн байна.
Бямба гарагт АНУ даяар Covid-19 вирусийн халдварын 19 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийтдээ 62 болжээ.
Тэдгээрээс дөрвөн өвчтөний биеийн байдал хүнд байгаа бол 15 өвчтөн бүрэн эдгэрсэн тухай АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.