Дөрвөн сумын нутаг дамнах Хасагт Хайрхан

Энэхүү уул нь Говь-Алтай аймгийн Шарга, Жаргалан, Баян-Уул, Тайшир сумдын нутагт Их Нууруудын хотгор руу гүн түрж орсон Алтайн салбар уулсын нэг билээ. Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулжээ.


Талбайн хэмжээ нь 27448 га. Хасагт Хайрхан нь эгц цавчим хажуутай, хурц шовх оргилтой хоёр зэрэгцээ нуруунаас бүрдэх бөгөөд хойтохыг Хасагт Хайрханы нуруу, өмнөхийг Гурван Богдын нуруу гэж нэрлэдэг байна. Эдгээр нуруу нь гүн хавцал, ам хөндийгөөр олонтаа зүсэгдсэн хадат шовх оргил, байц цохио, үхэр чулуут сайр, мөстлийн мөлгөр чулуун дайрга, нуранги асга бүхий Алтайн сүрлэг уулсын дүр төрхийг агуулсан ан амьтан, араатан жигүүртэн шивээлсэн гоо үзэсгэлэнт баян тансаг нутаг юм. Хаcагт Хайрханы шохойн чулуу, гантиган уулсад том жижиг агуй хонгил цөөнгүй бий. Тэгвэл тус хайрханы ар хажууд далайн түвшнээс дээш 2200-2600 метр өргөгдсөн байгалийн үзэсгэлэнт Хүнхэр зуслан бий. Энэхүү газрыг жуулчид “Говь-Алтайн Швейцарь” хэмээн нэрлэдэг аж. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг хүнхэрийн голд Алтай хотоос 73 км зайтай оршдог. Амралтын бүсэд орших Хүнхэрийн голын рашааныг нутгийн ард олон 200-гаад жилийн тэртээгээс ходоод, элэг, цөс, дотор эрхтэнийг анагаан сувилахад ууж хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Рашаан нь хлорид, гидрокарбонат, кальц, магни натрийн найрлагатай, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ