Коронавирусний халдвар авсан 98 настай эмэгтэй эдгэрчээ
БНХАУ-д шинэ коронавирусээр халдварласан 98 настай эмэгтэй эдгэрч, Хубэй мужийн нийслэл Ухань хотын эмнэлгээс өнгөрсөн ням гарагт гарчээ. Тус улсад "COVID-19" халдвар авсан хамгийн өндөр настай хүн эдгэрсэн тохиолдол энэ болжээ.
Ухань хотын Жянань дүүрэгт амьдардаг өндөр настан Ху өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр халуурч эхэлсэн бөгөөд тэрбээр коронавирусний халдвар авсан 55 настай охиныхоо хамтаар “Лэйшаньшань” эмнэлэгт өнгөрсөн сарын 13-нд хэвтсэн байна. Биеийн байдал нь тун хүнд байснаас гадна Цельсийн 40 хэм хүртэл халуурч байсан өндөр настай эмэгтэйд вирусний эсрэг эм уулгаж, халдварын эсрэг эмчилгээ хийсний зэрэгцээ биеийн байдлыг нь 24 цагийн турш хянажээ.
“98 настай өвчтөн эдгэрсэн нь эмчилгээ хийлгэж буй бусад өвчтөнд итгэл найдвар төрүүлнэ” гэж “Лэйшаньшань” эмнэлгийн мэргэжилтэн Ван Синхуань мэдээлсэн байна. “Лэйшаньшань” нь коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх зорилгоор Ухань хотод барьсан хоёр эмнэлгийн нэг бөгөөд өнгөрсөн ням гаргийн байдлаар уг эмнэлгээс нийт 200 хүн гарчээ.
Montsame.mn