Ч.Хүрэлбаатар: Ирэх жил бонд гаргаж, арилжааны банкнаас зээл авахгүй



Ирэх оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАРТАЙ ярилцлаа.
-Оны эцэс гэхэд төсвийн орлого 300-400 тэрбум төгрөгөөр давж биелэх хүлээлттэй байна-
Эдийн засгийн өсөлтийг ирэх жил 5.1 хувьтай байхаар тооцсон нь хэр бодитой вэ?
-Тэнцвэржүүлсэн тэнцэл гэж бий. 5.1 хувь бол тэнцвэржүүлсэн тэнцэл. Энэ нь орлогоо тэнцвэржүүлсэн байдлаар тооцсон гэсэн үг. Тэгэхээр үүнд хоёр төрлийн орлого ороогүй гэсэн үг. Тодруулбал, Монгол Улсын Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сангийн мөнгө хоёрыг орлогоосоо хасч байгаад тэнцвэржүүлсэн тэнцлээ тооцдог. Тэгэхээр цаана нь нэг их наяд орчим төгрөг үлдэж байгаа юм. Төсвийн зардал дотор хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа төслүүд ордог. Тодруулбал, Налайх, Дархан чиглэлийн болон концессоор хийж буй бусад замын ажил, онгоцны буудлын зардал, Цэвэрлэх байгууламж төдийгүй зээл тусламжаар барьж буй эмнэлэг, сургуулийн барилга зэрэг бүгд санхүүжих дүндээ орчихсон байдаг. Үүний эх үүсвэр нь хөнгөлөлттэй зээл гэсэн үг. Тийм учраас бид төсөв зохиохдоо бонд гаргахгүй, арилжааны банкуудаас зээл авахгүй байхаар тооцоолж хийсэн.
Өөрөөр хэлбэл, 5.1 гэдэг тоо эдийн засагт дарамт үүсгэж, төвөг учруулахгүй. Үүнийг бид бүрэн зохицуулах боломжтой гэж үзсэн учраас төсвөө боловсруулсан. Угаасаа ч ингэж төсөвлөхгүй болохоор Монгол Улсын өр зээл нэмэгддэг, богино хугацаатай, өндөр хүүтэй зээл авах шаардлага гардаг. Нэг ёсондоо өмнө нь гарч байсан алдаа дутагдлыг гаргахгүй байх үүднээс л төсвөө тооцсон.
-Он гараад зэсийн үнэ унах талаар эдийн засагчид ярьж байна. Ийм нөхцөлд төсвийн орлогыг хэрхэх вэ гэдэг асуулт гарч ирэх байх л даа?
-Бүгд л ингэж ярьдаг шүү дээ. Энэ оны төсвийг УИХ-аар батлуулж байхад “Хэтэрхий өөдрөг төсөөлсөн байна, орлогоо биелүүлж чадах уу” л гээд байсан. Бид аль болохоор бодитой төсөвлөдөг, хийж чадах орлогоо л тооцдог. Тийм ч учраас одоогийн байдлаар төсвийн орлогоо биелүүлчихээд явж байна. Оны төгсгөл гэхэд 300-400 тэрбум төгрөгөөр давж биелэх болов уу гэсэн хүлээлттэйгээр ажиллаж байна. Үүнээс үзэхэд, болоогүй зүйлийн төлөө сөрөг мессеж өгөөд байх нь буруу гэж би хувьдаа хардаг.
-Ирэх оны төсөвт цалин, тэтгэврийн нэмэгдлийг хэрхэн тусгасан бэ, тодорхой хувь ярих боломжтой юу?
-2020 оны төсвийг УИХ-д өргөн мэдүүлчихээд байна. Үүнд цалин, хөлс болон тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулж нэмэхээр төсөвлөсөн. Энэ тухайд нэг зүйлийг онцолж хэлэхэд, 2018 оноос хойш цалин, тэтгэврийг огт нэмээгүй байсан. Харин бид 2018, 2019 онд үе шаттайгаар нэмэгдүүлсэн шүү дээ. Өмнө нь явуулж ирсэн нэг буруу практик нь огт нэмэхгүй байж байгаад гэнэт 20 юмуу 30 хувиар нэмдэг байсан. Тэр дундаа сонгууль дөхөхөөр л нэмдэг байсныг хэн хүнгүй мэднэ. Гэтэл энэ нь эргээд инфляцыг хөөрөгддөг, үүнээс үүдэлтэйгээр өргөн хэрэглээний бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх суурь болдог, иргэд бухимддаг болчихсон байсныг та бүхэн мэднэ. Харин жил бүр үе шаттайгаар нэмэгдүүлээд явахад энэ мэт сөрөг зүйл гарах нь бага.
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барихад шаардлагатай хөрөнгийг улсын төсвөөс гаргахаар болсон гэсэн. Ийм боломж байгаа юм уу?
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барихад шаардлагатай хөрөнгийг улсын төсвөөс гаргахаар шийдвэрлэсэн. Энэ цахилгаан станц бол манай улсын эрчим хүчний салбарт чухал ач холбогдолтой. Учир нь, баруун аймгуудад дутагдалтай эрчим хүчийг ОХУ-аас импортолж авдаг. Түүнд нь тодорхой хэмжээний төлбөр тооцоо зарцуулдаг буюу нэг улсаас хараат байдаг тал бий. Тиймээс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг БНХАУ-ын “Эксим” банкны зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх хүсэлт тавиад ТЭЗҮ-ээ хийгээд дууссан. Үүнтэй холбоотойгоор нэг зүйлийг хэлэхэд, төсвийн гүйцэтгэлийг УИХ-аар хэлэлцэх явцад зарим зээл тусламжийн хөрөнгө мөнгө гүйцэд гараагүй гэдэг асуудлыг ярьсан. Үүний шалтгаан нь тухайн төслийн ажил удаашралтай явахаар санхүүжилт нь орж ирдэггүйтэй холбоотой. Нөгөө талдаа зарим нь ажлаа цагтаа хийгээд явахаар хөрөнгө мөнгөний дутагдал үүсдэг тал бий. Тиймээс ийм байдлыг байхгүй болгоё гэж байгаа юм. Үүний хүрээнд гаднын зээл тусламжаар хэрэгжүүлж буй төслийн санхүүжилтийг зөвхөн Сангийн сайдын багцад суулгахаар болсон. Ингэснээр хоорондын шилжүүлэг хийх гэх мэтэд уян хатан байдал бий болно гэж үзсэн. Тиймээс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилтийг дотоодоос гаргаад явах бүрэн боломжтой.
-Монгол Улс саарал жагсаалтад орох магадлал өндөр байна гэх юм. Энэ үнэн үү, ийм бодит эрсдэл манай улсад үүссэн үү?
-Үнэн. Улсын төсвийг танилцуулахдаа энэ талаар би хэлсэн.
Монгол Улсын эдийн засгийн өмнө тулгарсан эрсдэлүүдийн нэг нь саарал жагсаалт. Энэ бол маш тодорхой бөгөөд бодитой эрсдэл. Яагаад гэвэл, мөнгө угаах, терроризмтой холбоотойгоор шийдэгдсэн хэрэг нэг ширхэг ч байхгүй.
Ийм байдал асуудал үүсгэх талтай. Нөгөөтэйгүүр арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн нэмэгдэлтэй холбоотой хяналт шалгалтын асуудал бий. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд өөрийн хөрөнгийн дутагдалтай гарч байсан. Үүнийгээ арилгах шаардлага тавьсны дагуу дотоод активаа нэмэгдүүлсэн. Харин эргээд өөрийн хөрөнгөө ямар эх үүсвэрээс нэмэгдүүлсэн бэ гэдэгт асуудал бий. Энэ талаар би хувьдаа оны эхнээс л ярьж эхэлсэн. Энэ талаарх шалгалт дууссан байх, үр дүн нь яаж гарсныг мэдэхгүй байна. Эдгээртэй холбоотой асуудал бий гэж ойлгож байна. Энэ бүхэн эргээд асуудал үүсгэх байх. Дээрээс нь санхүүгийн хяналтын асуудал бий. Тухайлбал, 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлаад 32 мянган их наяд төгрөгийг ил болгосон. Гэтэл үүнийг мөнгө угаасан байж болзошгүй хэрэгтэй шууд холбож авч үзээд байгаа. Энэ мэтийн санхүүгийн хяналттай холбоотой бодитой асуудал хэд хэд бий. Хамгаалах тухайд олон талын ахиц гарсан гэж ярьж байгаа ч сая хэлсэнчлэн асуудал байсаар байгаа учраас саарал жагсаалтад орох эрсдэл өндөр байгаа гэж хэлээд байгаа юм.
-НӨАТ-ын сугалааны оронд буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх санал маш их гардаг. Сангийн яам энэ тухайд тооцоо судалгаа хийсэн зүйл байна уу. Ийм боломж бий юү?
-НҮБ-д бүртгэлтэй улс орнуудаас НӨАТ-аас хувь олгодог улс дөрөвхөн байдаг. Үүний нэг нь Монгол Улс. Бүртгэлийн шахуу татварыг 100 хувь буцааж өгөх ёстой гэж зарим хүн яриад байдаг. Тэгвэл үүн шиг худлаа зүйл байхгүй. НӨАТ бол зөрүү тооцож байгаад буцааж олгодог татвар. Энэ татварыг анх Германд гаргаж байсан. Ингэхдээ гүйлгээний татварыг орлогоос авдаг байсан учраас шударга биш байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, өмнө нь төлчихсөн татварын орлогоос аваад байна гэж үзсэн учраас НӨАТ-аас хасалт хийж байгаад зөрүү дүнг нь олгодог болсон. Өөрөөр хэлбэл, нэмэгдсэн өртөг дээрээс нь татвар олгодог систем байдаг. Энэ нь цаанаа онолтой гэдгийг хэлье. Түүнчлэн НӨАТ-ын хамрагдалт жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Одоогийн байдлаар 121.5 тэрбум төгрөгийг 793 мянган хүн авч байна. Энэ тоог өмнөх жилийнхтэй харьцуулахад 30 гаруй хувиар нэмэгдсэн байгаа юм. Ийм нөхцөлд бид урамшууллыг зогсоохгүй, үргэлжлүүлнэ, Харин хамрагдалтын хэмжээ буурсан тохиолдолд дахин зохицуулалт хийх шаардлага үүсч таарна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0

Холбоотой мэдээ