НЭМГ: Шалган нэвтрүүлэх товчоодод сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчооны хяналтын цэгт ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тоог нэмж, иргэдийн хувьд хүлээгдэл чирэгдлийг бууруулжээ.
Хүнд нөхцөлд 24 цагаар жижүүрлэн ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нийслэл болон орон нутаг руу чиглэсэн тээврийн хэрэгсэлд 2 талдаа хяналт тавьж, зорчигч бүрийн халууныг хэмжих, эмнэл зүйн асуумж авах, орох гарах хөдөлгөөний талаар судалгаа хийх, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгөх, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж тарааж байна.
Тухайлбал, зөвхөн Эмээлт шалган нэвтрүүлэх товчоонд орох гарах урсгалыг есөн эгнээ хүртэл нэмэгдүүлж өчигдрийн байдлаар дүүргийн Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, резидент зэрэг 21 хүн ажилласан байна.
Коронавируст халдвараас сэргийлэх Нийслэлийн шуурхай штабын албан ёсны мэдээллээс үзвэл, энэ сарын 3-ны 08:00 цагаас 4-ний өдрийн 08:00 цагийн байдлаар нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд зохион байгуулж буй Хяналтын цэгт эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн 201 албан хаагч хяналт, тандалтын үйл ажиллагааг гардан гүйцэтгэжээ.
Энэ сарын 4-ний 08:00 цагийн байдлаар, нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоогоор орсон 33.648, товчоогоор гарсан 20.741 буюу нийт 54.389 тээврийн хэрэгсэл, мөн нийслэл рүү орсон 128.374, нийслэлээс гарсан 62.073 буюу нийт 190.447 зорчигч хяналт, тандалтад хамрагдсан байна. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол Улс дахь салбартай хамтран хяналтын зургаан цэгт зорчигчдын хөдөлгөөнд тандалт, судалгааг хийж байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газар мэдээлэв.