ИТХ-ын төлөөлөгч баталсан төсвөө захиран зарцуулж буй зөрчил гарч байна
Аймаг, дүүрэг орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс 124 хүн төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд томилогдон одоог хүртэл ажиллаж буйг АТГ мэдээлж байна. Дээрх хүмүүсийн 71 нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдон ажиллаж байна.
Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн зарим заалтыг зөрчиж байна. Дээрх байдал нь АТГ-аас хийсэн судалгаагаар илэрчээ. Тиймээс тус газар хяналт шалгалтын үйл ажиллагааны хүрээнд илэрсэн нийтлэг зөрчлийг арилгах чиглэлээр Засгийн газрын ХЭГ болон Төрийн албаны зөвлөлд албан бичиг хүргүүлээд байна.
Судалгаагаар Сүхбаатар, Өвөрхангай, Архангай, Хэнтий, Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Засаг даргын Тамгын газар болон түүний харъяа агентлагийн дарга буюу удирдах албан тушаалд томилогдон ажиллаж байна. Энэ байдал нь ИТХ-ын төлөөлөгч аймгийн төрийн жинхэнэ албаны удирдах буюу орон нутаг дахь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байна гэсэн үг.
Ингэснээр тухайн жилийн байгууллагын төсвийг батлахад оролцож, ИТХ-ын төлөөлөгч өөрийн баталсан төсвийг өөрөө захиран зарцуулах, захиргааны бусад шийдвэрийг бие даан гаргах эрх, үүргийг хэрэгжүүлэн хууль зөрчиж буй үйлдэл болж байна. Тиймээс нутгийн захиргааны байгууллагыг авлига, ашигсонирхлын зөрчлөөс ангид байлгах шаардлагатай байна гэж АТГ-аас мэдэгдэж байна.