Яндангийн цонолтоос болж байшинд гал гарчээ
Хэрлэн сумын дөрөвдүгээр багийн Цацал хороололд мансардтай байшингийн дээвэрт гал гарч байна гэсэн дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Иргэний өгсөн дуудлагын дагуу долоон албан хаагч, хоёр автомашинтай үүрэг гүйцэтгэж галыг нэг давхар луу шилжихээс нь өмнө унтраасан байна. Шалтгаан нөхцөлийг тодруулахад яндангийн хэсгээс цонолт үүсч улмаар мансардны хэсэгт гал гарсан аж. Тухайн үед гэрт хүнгүй байсан гэнэ.
Гэр хороололд, тэр дундаа байшинд амьдардаг айл өрхүүд пийшингээс тааз руу гарсан яндангийн хэсгийн хамгаалалтыг хэт жижиг буюу модонд ойртуулж хийх, төмрөөр хамгаалалт хийгээгүйн улмаас хэт халж гал гарах нөхцөл бүрддэг байна.
Сар шинийн баярын өдрүүдэд Хэнтий аймагт, тэр дундаа Хэрлэн суманд гамшиг осол гал түймрийн дуудлага ирээгүй хэмээн албаныхан мэдэгдлээ.