Цас “цамнасан” хавар
Олон жилийн дунджаас дулаан өвөл болж өнгөрлөө. Гэсэн ч өмнөх жилийнхтэй харьцуулахад цас их унаж, малчид хаврыг зутруухан эхлүүлэв. Зунтай золгох хүртэл тэд амаргүй давааг туулах бололтой. Завхан аймагт нөхцөл байдал хамгийн хүнд болсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Тус аймгийн нутаг дэвсгэрт оршдог Булнайн нуруунд өнгөрсөн сарын сүүлчээр олон хоног дараалан цас орсны улмаас ойр орчмынх нь Тосонцэнгэл, Тэлмэн зэрэг сумынхан малаа ч бэлчээж чадахаа больжээ. Тал газар 50, гуу жалганд 100 гаруй см зузаан цасан бүрхүүл тогтсон гэнэ. “Өвөл харьцангуй дулаан, харин хавар үе үе цочир хүйтэрч, цас их унан, хүндрэх төлөвтэй” гэж өнгөрсөн намар цаг уурчид “таамагласан” нь ийнхүү биелж байна.
Монгол орны нийт нутгийн 70 орчим хувь нь өдгөө цастай байна. Өнгөрсөн сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас унасныг цаг уурч Ш.Тэргэл мэдээлэв. Ялангуяа Завхан аймгийн зүүн болон хойд талын сумуудын нутагт цас ихтэй аж. Тус аймаг нийт 24 сумтай бөгөөд өчигдрийн байдлаар 15 нь зудад нэрвэгдсэнийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Үлдсэн сумуудад нь ч байдал сайнгүй, зуд болох эрсдэлтэй гэсэн ангилалд багтсан аж. Эл хүндрэлийн улмаас хорогдсон малын тоо 19 000-д хүрчээ. “Нөхцөл байдал амаргүй байхад энэ сарын 15-наас мал төллөх төлөв гарсан” гэж тус аймгийн ЗДТГ-аас мэдээлсэн. УОК-ынхон тус аймгийн иргэдийг дэмжин, малаа онд мэнд оруулахад нь туслах үүднээс өвс, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр, заримд нь бүр үнэгүй олгож эхэлсэн байна. Ингэхдээ малчны хотонд хүргэх ажлыг нь ч зохион байгуулж буй гэнэ. Юутай ч урин цаг ирж буй тул хүндрэл удахгүй арилна гэж найдаж байгаагаа тус аймгийнхан онцолсон.
Улсын хэмжээнд найман аймгийн 39 сум цагаан зудтай байна. Дээр дурдсан Завханы 15-аас гадна Увсын ес, Хөвсгөлийн долоон сум үүнд хамрагджээ. Байн байн цас орохын зэрэгцээ хүйтний эрч чангаран, мал сүрэг бэлчих аргагүй болж, өвс тэжээлээр гачигдан, улмаар тарга хүч нь муудан, олноор хорогдохыг цагаан зуд хэмээдэг билээ. Үүний улмаас Хөвсгөл аймгийн хэмжээнд 73 000 мал хорогджээ. Тэр дундаа Жаргалант сумд 38 630 мал үхсэн нь аймагтаа “тэргүүлэх” үзүүлэлт. Тус сумын иргэд малаа бэлчээх аргагүй болж, бүгдийг нь хашиж, тэжээж эхэлсэн гэнэ. Тиймээс аймгийн холбогдох албаныхан, зарим иргэн хамтран дээрх сумын малчдад туслах хандивын аян өрнүүлж байна. Мөн аймгийн Онцгой комиссоос малчдад өвс, тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж, тээврийн зардлыг нь хариуцаж буй юм билээ.
Энэ мэтээр хүнд байдалд орсон газруудаас гадна дахиад ганц ахиу цас унахад л зудад нэрвэгдэхээр “эмзэг” 47 сум бий гэнэ лээ. Нөхцөл байдал ямархуу байгаа, холбогдох албаныхан хэрхэн арга хэмжээ авч буй талаар бид энэ удаагийн “Дугаарын онцлох сэдэв”-ээрээ хөндлөө.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГАБэлчээрийн хомсдолоос болж хавраас урьтан өвс, тэжээлээ бэлтгэх хэрэгтэйУлаанбаатар хотоос зүүн өмнө зүгт 230 км зайд орших Говьсүмбэр аймгийн Шивээговь сумд биднийг очиход цас бага, дулаахан байлаа. Тус аймаг зүүн талаараа Дорноговийн Даланжаргалан, баруунаараа Дундговийн Баянжаргалан, хойгуураа Говьсүмбэрийн Сүмбэр сумтай хиллэдэг. Зуншлага муу байсан говь, тал хээрийн бүсэд хаваржилт хүндрэх эрсдэл өндөр байдаг учир сүүлийн жилүүдэд бороо хур бага орсноос болж ногооны гарц муудаж, тэжээлийн хомсдол үүссэн Говьсүмбэр аймгийн малчдын хаваржилтын бэлтгэл ажилтай танилцаж, сурвалжиллаа. Аймгаасаа 40 км зайд орших Шивээговь сумын төвөөс таван км зайд хаваржиж буй аймгийн сайн малчин Ч.Баттогтохынх 2010 онд энд ирж суурьшжээ. Хонь, ямаа, үхэр, адуу нийлсэн 900 орчим малтай аж. Аргал, хорголоор дүүрч, малын хөлөөр бараантсан хотонд нь хоёр хүү нь адуугаа хашиж таарав. Эднийх малын тооноос илүү чанарт анхаардаг учир 1000 хүрээгүй ч 2018 онд аймгийн сайн малчин цол, тэмдгээр шагнуулжээ.
Хаваржилтын талаар тэрбээр “Манай нутагт бэлчээрийн хомсдол маш их. Олон мянган малтай иргэд ойрхон нутагладаг учир өвс, тэжээл бараг байхгүй. Бусад аймаг, сумынхан хаваржилт хүндэрсэн үедээ л өвс, тэжээл бэлтгэдэг бол манай сумын малчид жил бүр базаадаг. Ойролцоогоор 1000 боодол өвс, хэдэн шуудай овьёос, хивэг боломжийнхоо хэрээр бэлддэг. Бэлтгэсэн өвс, тэжээлээ малдаа өгөөд тавдугаар сарын 1-нээс л бэлчээрийн өвстэй золгоно. Ер нь бэлчээр муу, цагаан тал л байдаг. Сумын удирдлагууд хэдэн боодол өвс тараадаг юм. Гэхдээ олон жил хадгалчихсан байдаг учир малд өгөх хэцүү. Хааяа үхэр л иднэ гэхээс биш хонь, ямаа идэхгүй. Болдог сон бол бүх айл малын тоогоо багасгаад чанарт нь анхаарвал бэлчээрийн даац сайжрах байх” гэв. Түүний хэлсэн үнэний ортой. Шивээговь сум 83 000 га газар нутагтай, 55 300 гаруй малтай, 12 мянгат малчинтай. Жил бүр аюулгүйн нөөцөөс 1000 боодол өвс айлуудад тараадаг боловч 2-3 жил хадгалчихсан учир шим муутай. Эндхийн ихэнх айл Дорнод аймгаас өвс, тэжээлээ татаж авдаг. Худалдаж авсан өвсөө тээвэрлэх том машин бас хөлсөлдөг гэлээ. Ч.Баттогтох өвс, тэжээл авахад жилд 10 гаруй сая төгрөг зарцуулдаг аж. Тэрбээр мөн “Өвөлжөө, хаваржаа сэлгэх боломжгүй. Мал тарга муу авсан, бэлчээр өвсгүй учир оторлодоггүй. Урин цагт бэлчээр сэлгэж нүүх санаа байдаг ч зарлага их. Очсон газрынхаа малчдад хөөгдөнө, газарт нь малаа бэлчээж буй учир мөнгө төлдөг. Тиймээс зун ч нүүдэггүй” хэмээн ярилаа.
Энэ сумын малчид бэлчээрийн хомсдолоос болж хавраас урьтан өвс, тэжээлээ бэлтгэж, хашаа хороогоо тохижуулдаг учир төл алдах нь бага ажээ. Саахалт айлуудын дийлэнх нь мянгат малчин. Тэднийхээс хоёр км хүрэхгүй зайд мянгат малчин Ч.Багатогтохынх хаваржиж байв. Тэднийх дөрвөн хүүхэдтэй. Хөл хорио тогтоосон учир хүүхдүүд нь хөдөө ирж аав, ээждээ тусалж байгаа аж. Эрт төллөсөн зарим хонь нь хургаа дагуулж бэлчээрт явж буй харагдав. 2004 онд Шивээговь сумд ирж суурьшсан тэрбээр өдгөө 1200 гаруй толгой малтай болжээ. Хаваржилтад бэлтгэж 400-600 орчим боодол өвс нөөцөлдөг бөгөөд 500 гаруй төл бойжуулдаг гэнэ. “Өнгөрсөн жил наймдугаар сар гарч байж өвстэй “золгосон”. Энэ жил бас л адилхан байх болов уу. Цас багатай учир хаврыг өнтэй давдаг гэж манай нутгийг хүмүүс боддог. Гэхдээ хур бага, өвсгүй цагаан тал учир хэцүүхэн л хаварждаг даа. Зарим хэнэггүй нөхөд хашаа, хороогоо янзалж, өвс, тэжээлээ аваагүйгээс болж хэцүүдэх нь элбэг” гэв.
Сүүлийн жилүүдэд хаваржилт ямар байгаа талаар Шивээговь сумын Мал эмнэлгийнхнээс тодруулахад “Бэлчээрийн хүрэлцээгүйгээс болж малын тарга хүч муу, говийн бүс учир хавар салхи, шороо ихтэй, төл авахад хүндрэлтэй байдаг. Манай сумд хаваржилт хүндхэн болдог. Бэлчээр хомс ийм үед бусад сумын найман өрх манайд оторлож буй. Харин манай малчин болон мал бүхий 26 өрх өөр аймгуудад оторлож байгаа” гэв. Тус сумын нутаг дэвсгэр цөл, цөлөрхөг хээр ба хуурай хээрийн бүсэд хамаарах бөгөөд эрс тэс уур амьсгалтай. Агаарын хуурайшилт ихтэй учир урт хүйтэн өвөл болдог бөгөөд дөрөв, тав, зургадугаар сард салхины хурд хамгийн их байдаг гэнэ. Тиймээс төл авах үед хаваржилт хүндэрдэг аж.
БАЙР СУУРЬЗарим аймагт хаваржилтын нөхцөл хэр байгаа болон болзошгүй эрсдэл үүсэх магадлал бий, эсэх талаар холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.ХОВД АЙМАГТ ТӨЛ ХҮЛЭЭН АВАХ БЭЛТГЭЛИЙГ БҮРЭН ХАНГАСАНХ.АЛТАНТУЯА (Ховд аймгийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч )-Манай аймагт сүүлийн 3-4 жил дараалан тохиосон цас зудын улмаас малчид төлөө бүрэн хүлээн авч чадаагүй. Харин өнгөрсөн оны хавар, зун цаг уур тааламжтай байж, хур тунадас их унан, нийт нутгаар зуншлага, намаржаа тавлаг байсан. Тиймээс малчид өвлийн бэлтгэлээ бүрэн базаан, малдаа тарга тэвээрэг сайн авхуулсан. Ингэснээр энэ хавар төлөө бүрэн хүлээн авч, бойжуулан, малынхаа тоо толгойг таван төрлөөр нь өсгөх боломж бүрдсэн гэж болно. Ховдод 8000 орчим малчин өрхийн, гурван сая гаруй мал хаваржиж байна. Үүний нэг сая гаруй нь эх мал бөгөөд энэ сараас төллөж эхэлсэн. Бид энэ өвөл, хаврыг хүндрэлгүй давах зорилгоор аюулгүйн нөөцдөө өвс 200, малын тэжээл 50 тонныг бэлтгэсэн. Одоогоор дийлэнх сумд хаваржилт хэвийн харин Дуут, Мөнххайрхан, Цэцэг, Мөст, Манхан зэрэг сумд хаваржилт хүндэрч болзошгүй төлөв бий. Шаардлагатай тохиолдолд сум, аймгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээлээс малчдад хүргүүлэх талаар бид төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМД 100 ХҮРТЭЛХ СМ ЦАСАН БҮРХҮҮЛ ТОГТСОНЗ.ОТГОНБАЯР (Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын хүнс, хөдөө аж ахуй хариуцсан ахлах мэргэжилтэн)-Хөвсгөлийн дийлэнх нутаг одоогоор цастай байгаа бөгөөд зарим сумд намар эрт цас орсны улмаас хөрсөнд нь мөсөн бүрхүүл тогтон, олон жилийн дунджаас хүйтэвтэр өвөл болсон. Ер нь хаваржилт хүндрэх магадлалтай байна. Ялангуяа Жаргалант сумд өнгөрсөн аравдугаар сараас хойш 12 удаа, цас их орж тал, хөндий хэсэгт 60, гуу жалганд 100 хүртэлх см зузаан цас тогтсон. Ингэснээр нэг настай малыг бүгдийг нь, нийт малын 40 хувийг байнга тэжээх шаардлага үүссэн. Мөн Шинэ-Идэр, Галт, Төмөрбулаг сумын нутгаар цас их унан, уулын ар мөстөж, хатуурсан нь мал бэлчээхэд хүндрэлтэй болгосон. Цэцэрлэг сумын Дэлгэрхаан, Уранхайрхан зэрэг багт хаваржилт хүндрээд байна. Ер нь дээрх сумдын нутагт 80 хүртэлх см цасан бүрхүүл тогтон, нийт мал сүргийн 60 орчим хувийг нэмэлтээр тэжээж буй. Ингэснээр өдөр ирэх бүр малын тэжээл, өвсний хэрэгцээ ихсэн, малчдын бэлтгэсэн 232 орчим тонн өвсний 60 хувийг зарцуулсан. Хаваржилт хүндэрсэн дээрх сумдын өвс, тэжээлийн нөөц дууссан. Одоогоор аймгийн нөөцөд өвс 176, тэжээл 13.9 тонн байгаагаас зарим сум багт хуваарилах, энэ хаврыг малын гарз багатай, хүндрэлгүй даван туулах талаар холбогдох байгууллага, албад нь ажиллаж байна.
УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНИЙ БҮСЭД 187 600 ОРЧИМ МАЛ ОТОРЛОЖ БАЙНАС.ГАН-ЭРДЭНЭ (Хэнтий аймгийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч )-Аймгийн хэмжээнд 4.8 сая гаруй малтай, 7.9 мянга орчим малчин өрх хаваржиж байна. Нийт нутгаар цасны дундаж зузаан 10 см, дундаж нягт нь 0.1-0.27 гр/см байгаа нь одоогоор цаг агаарын нөхцөл хүндрээгүй, хаваржилт хэвийн байгааг илтгэж буй. Тиймээс бид мал төллүүлэх, оторлох, хужир шүү бэлтгэх, шаардлагатай тохиолдолд нэмэлт тэжээлээр хангах зэрэг ажлыг төлөвлөгөөний дагуу, хэвийн явуулж байгаа. Хэнтийд өвөлжилт болон хаваржилт хүндрээгүй ба зун өвсний гарц сайн байснаас шалтгаалан Хэрлэнбаян-Улаан тосгоны нутаг дахь улсын тусгай хэрэгцээний отрын бүсэд тус аймгийн болон бусад дөрвөн аймгийн нийт 187 600 орчим мал оторлож байна. Түүнчлэн малын тарга тэвээргийг бууруулахгүйгээр онд царигтай оруулах, төл хүлээн авахад бэлтгэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэрээр улсын нөөцөөс 18 сум, таван тосгоны малчдад хивэг 142.5, өвс 385 тонныг олгосон. Товчхондоо, Хэнтийд хаваржилт хэвийн байгаа бөгөөд ямар нэгэн эрсдэл үүсэхгүй байх боломжтой.
УВСЫН ГАЗАР НУТГИЙН 30 ХУВЬ НЬ ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙП.БАТТОГТОХ (Увс аймгийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга )-Одоогийн байдлаар манай аймгийн Завхан, Малчин сумдын нутгийн дийлэнх, Тэс болон Наранбулагийн зарим баг, Зүүнхангайн гурав, Ховд сумын хоёр багийн нутагт зудын эрсдэл өндөр байна. Ер нь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 30 хувьд зуд болох эрсдэлтэй, 30 хувьд нь магадлалтай, үлдсэн хэсэгт нь хаваржилт хэвийн байх төлөв бий. Мөн гурав, дөрөвдүгээр сард цас их орж, цаг агаар муудах урьдчилсан таамаг байгаа тул дээрх сум, багийн малчдыг мал сүргийн тоогоо бууруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, аймаг, сумын өвс, тэжээлийн нөөцийг зохистой хуваарилуулах талаар холбогдох байгууллагууд нь анхаарч ажиллаж байна. Энэ хавар аймгийн хэмжээнд 1.4 сая мал төллөхөөс өчигдрийн байдлаар 14 000 орчим нь төллөжээ. Малчид өнгөрсөн намар өвс 49 220, тэжээл 1362, хужир 7006 тонныг бэлтгэсэн бөгөөд нөөц нь бараг дууссан. Тиймээс аймаг, улсын нөөцөөс 532 тонн өвс, 430 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр малчдад хуваарилах ажлыг эхлүүлсэн. Түүнчлэн зудын эрсдэлтэй дээрх сум, багийн малыг болзошгүй нөхцөлд зэргэлдээх аймгуудын нутагт оторлуулах талаар тухайн аймаг, сумын удирдлагатай ярилцсан.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГГ.АРИУНБУЯН: 15 аймгийн 81 сумд байдал хүндрэх төлөвтэйОнцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянтай хаваржилт ямар байгаа талаар ярилцлаа.-Саяхан та Шадар сайдын шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд орж, орон нутагт ажиллаад ирсэн. Энэ талаараа мэдээлэл өгнө үү?-Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица болон албаны бусад хүний хамт Орхон, Булган, Хөвсгөл, Увс, Архангай, Завхан, Өвөрхангай аймагт ажиллаад ирлээ. Дээрх аймгуудын хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, малчид, иргэдтэй уулзсан. Засгийн газар, Улсын онцгой комиссын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг шалгасан юм. Орон нутгийн Онцгой комиссыг хуралдуулж, тодорхой үүрэг даалгавар, заавар, зөвлөгөө өгч, үнэлэлт дүгнэлт хийлээ.
-Зуд, гамшгийн үед орон нутгийн Онцгой комисс шуурхай арга хэмжээ авч чадаж байна уу?-Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг улсын хэмжээнд 86 хувьтай хангасан. Засгийн газар, Улсын онцгой комиссоос бэрхшээлийг хүндрэл багатай давах, төрийн үйлчилгээг малчдад шуурхай хүргэх, зудын эрсдэлтэй аймагт авах арга хэмжээг урьдчилан төлөвлөсөн. Шуурхай бүлгийнхэн орон нутагт ажиллахдаа долоон аймгийн ЗДТГ-т тус бүр 50 сая төгрөг, 10 аймагт автомашин, гурван аймгийн малчдад 1710 тн өвс үнэгүй, 1370 тн тэжээлийг 50 хувийн хямдралтай олгож, таван иргэнд гэр өгөхөөр болсон. Үүнд нийт 1.7 тэрбум төгрөг зарцуулна. Шадар сайд Ө.Энхтүвшин орон нутгийн удирдлагад хандаж, үнэгүй тараах өвс, тусламжаар олгож буй бараа, мөнгөн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, иргэд, малчдад шуурхай хүргэхийг даалгасан. Өнгөрсөн жилүүдэд улсын нөөцөөс малчдад үнэгүй олгосон өвсийг хуваарилахдаа мөнгө нэхсэн тохиолдол гарчээ. Гэхдээ орон нутгийн удирдлага, малчдын хамтын ажиллагаа чухал. Хаваржилтын хүндрэлийг хамтдаа даван туулах хэрэгтэй байна.
-Аль аймагт хаваржилт хүндрэх төлөвтэй байна вэ?-Цаг уур, орчны шинжилгээний газраас саяхан зудын үнэлгээ хийхэд хоёрдугаар сарын байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон байж. Нийт 15 аймгийн 81 сумд хаваржилт хүндэрч болзошгүй гэсэн үнэлгээ гарсан. Жишээ нь, Завхан аймгийн хэмжээнд зам хаагдсан байсан. Зорчих хэсгийн цасыг арилгаж замыг нээлээ. Завхан аймгийн 15, Увсын ес, Хөвсгөлийн долоо, Сүхбаатар, Хэнтийн тус бүр гурав, Архангай, Булган, Баянхонгор, Өвөрхангайн нэг, нэг сумд цагаан зудтай байгаа. Мөн 14 аймгийн 44 сумд цагаан зудархуу нөхцөл үүссэн байна. Тиймээс Шадар сайд отор нүүдэл хийх газар нутгийг нэмэгдүүлэх, инженерийн хийцтэй гүний худаг гаргах зэрэг ажлыг ХХААХҮ-ийн сайдад, Завхан аймгийн Асгат сумд цаг агаар хэмжих тоног төхөөрөмж олгохыг ЦУОШГ-ын даргад даалгаж шийдвэрлэсэн. Түүнчлэн улсын нөөцөөс малчдад 3754 тн өвс үнэгүй, 3062 тн тэжээлийг хямдралтай үнээр тараахаар төлөвлөсөн. Үүнээс гадна отрын бүс нутагт өвөлжиж буй малчдаас малын хөлийн татвар нэхэхгүй байхыг анхаарууллаа. Цаг агаарын болзошгүй үзэгдлийн мэдээ, сэрэмжлүүлгийг малчид, ард иргэдэд тараах “Багц мессеж”-ийн зардлыг шийдвэрлэсэн. Улс, орон нутгийн чанартай зам хаагдах үед ажиллах шуурхай ажлын хэсгийн бэлэн байдлыг хангуулсан. Товчхондоо, шуурхай бүлэг урьдчилан сэргийлэх, хаврыг хүндрэл багатай туулах арга хэмжээ авч ажиллаж байна.
ДЭЛХИЙН ЖИШИГЦаг агаар таатай байхгүйг анхааруулжээМанай бүс нутагт энэ хавар, ялангуяа эхний хагастаа хүйтэн байх нь. Гуравдугаар сарын дунд үе хүртэл их хүйтэн, дөрөвдүгээр сарын эхээр энэ байдал үргэлжилж, харин сүүлчээр дулаарах төлөвтэй. Тавдугаар сард халж, дунд үеэр тунадасгүй, гандуу байхыг цаг уур судлаачид таамаглажээ. Гэхдээ зургаа, долдугаар сард тунадасны хомсдол нөхөгдөж, хэт халалтаас сэргийлэх гэнэ.
Зарим шинжээчийн үзэж буйгаар өнгөрсөн өвөл олон жилийн дунджаас дулаан байсан учир үргэлжлээд хаврын цаг агаар таатай байх аж. Украины Геофизикийн төв лабораториос мэдээлснээс үзвэл энэ жил уур амьсгалын 30 жил үргэлжилсэн үе дуусаж буй. Өмнөх ийм хугацааны мөчлөгтэй харьцуулбал энэ удаагийнх илүү дулаан байв. Өнгөрсөн нэгдүгээр сард тус улсад 2019 оныхоос 2.7 градусаар дулаан байсан бөгөөд жилээс жилд дулааны үзүүлэлт өсөж буй гэнэ.
ОХУ-д ч мөн адил дулаан өвлийн дараах хавар жавар тачигнахгүй хэмээн мэргэжилтнүүд нь таамаглажээ. Гэхдээ гуравдугаар сард хувцсаа нимгэлэхээр дулаарахгүйг анхааруулсан байна. Энэ сарын эхээр цас орж, шөнөдөө хүйтэн, зарим үед салхи секундэд 15-18 метр хүрч ширүүсэх аж. Жавар сарын сүүлчээр намжиж, нэлээд дулаарч, зарим нутгаар нэмэх градустай болох төлөвтэй. Ирэх сард цаг агаар уярч, эхний 10 хоногоос нэмэх градуст шилжиж, зарим үед 18-20 градус хүрч, халах бололтой. Улмаар зарим газраар тунадас бага, гандуу байх аж. Тавдугаар сард салхитай өдрүүд олширч, хүйтэн, дулаан агаарын мөргөлдөөний улмаас шуурах төлөв ажиглагджээ. Сарын хоёрдугаар хагасаас зун шиг дулаарч, зарим өдөр 30 градус хүрч халах гэнэ.
Эх сурвалж: Unuudur.mn