Японд олон хүн халдвар авсан 15 голомтыг олж тогтоожээ
Японд олон хүн коронавирусний халдвар авсан 15 голомтыг олж тогтоосон гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Японы Эрүүл мэндийн яамны шинжээчдийн мэдээлснээр, 50 гаруй хүн халдвар авсан хамгийн том голомтыг тус улсын баруун өмнөд хэсэгт орших Хоншю арлын Осака хотод илрүүлсэн байна. Тус хотын амьд хөгжмийн нэгэн клубээс халдвар тархжээ. Одоогийн байдлаар энэ нь халдварын хамгийн том голомтод тооцогдож байна.
Үүнээс гадна, 10 гаруй хүн халдвар авсан 10 газрыг олж тогтоосонд Токиод болсон шинэ жилийн үдэшлэг, Хоккайдо арлын шөнийн цэнгээний газар гэх мэт газрууд багтаж байна. Дөрвөн газарт таваас дээш хүн халдвар авсан голомтууд тогтоогдсон бөгөөд эдгээрт спорт заал, олон нийтийн байгууллагууд гэх мэт газар багтжээ.
Халдвар хэрхэн яаж тархсаныг тогтоох зорилгоор эдгээр голомт бүр дээр мэргэжилтнүүдийн тусгай баг ажиллаж байгааг Японы Эрүүл яам мэдэгдсэн байна.
Японд одоогийн байдлаар коронавирусний халдварын 1500 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ням гарагт 30 шинэ тохиолдол илэрчээ. Халдвар авсан хүмүүсийн 31 нь нас барсан байна. Үүний зэрэгцээ Японд халдварын тархалт онцгой байдал тогтоох хэмжээнд хүрээгүй гэдгийг тус улсын Засгийн газар нэг бус удаа мэдэгдсэн юм.
Montsame.mn