ШУУД: Сургууль, цэцэрлэгийн хориог дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгалаа
Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс их, дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, коллежийн үйл ажиллагааг энэ сарын 30 хүртэл зогсоогоод байгаа билээ. Харин манай улсад халдварын тохиолдол нэмж бүртгэгдсэнтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийн хөл хориог дахин сунгах эсэх асуудал яригдаж байгаа. Эрүүл мэндийн яамнаас хөл хориог нэг сараар сунгах санал гаргасан. Тэгвэл УОК-ын шийдвэрээр сургууль, цэцэрлэгийн хөл хориог дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгалаа. Энэхүү шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм.
Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Эрүүл мэндийн яам болон Юнескогийн саналыг үндэслэж шийдвэр гаргалаа. Дөрөвдүгээр сарын 30-ны пүрэв гарагаас хичээллэж эхэлнэ. Бүх бямба гарагт хичээллэнэ. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийг зургадугаар сарын 6 хүртэл, дунд ахлах ангийг зургадугаар сарын 13 хүртэл хичээллүүлнэ. Цэцэрлэгийн үйл ажиллагааг тавдугаар сарын 30 хүртэл, ЭЕШ-ыг долдугаар сарын 2-5-нд авна. Их, дээд сургуулийн элсэлтийг долдугаар сарын 7-8-нд явуулна. Хичээл сургуулийн үйл ажиллгааг зургадугаар сарын 15 хүртэл үргэлжлүүлж, хичээлийн шинэ жилийг наймдугаар сарын 15-наас эхлүүлнэ. Спорт, соёл урлагийн арга хэмжээ, тэмцээнүүдийг зогсоосон. Олимпод оролцох тамирчдын бэлтгэлийг онцгой дэглэмд хийнэ” гэлээ.