CoVid19: Испани нас барсан хүмүүсийн тоогоор БНХАУ-ыг гүйцлээ
Испани улсад ковид19 халдварын улмаар өнгөрсөн 24 цагт 738 хүн нас барж, нийт нас барсан хүний тоогоор Италийн ард бичигдэх боллоо. Испани улсад вирусийн дэгдэлт эхэлснээс хойш нийт 3434 хүн нас баржээ.
Харин Итали улсад өнгөрсөн 24 цагт 683 хүн нас барж, нийт 6820 хүнээ алдаад байна. Халдвар анхлан дэгдсэн БНХАУ-д 3285 хүн нас баржээ.
Испани улсын хэмжээнд вирусийн халдвар авсан 27 000 хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Халдварын хамгийн олон тохиолдол нийслэл Мадридад гарсан бол Каталоны хойд хэсэгт тархалт эрчимтэй нэмэгдэх төлөвтэй байгаа юм.
Испанийн Ерөнхий сайд эхнэрийн хамт коронавирусээр халдварлаад байсан бол Ерөнхий сайдын орлогч Кармен Кальвогоос авсан шинжилгээний хариу өчигдөр эерэг гарчээ. Тэрээр шинж тэмдэг илэрсэн тул ням гаригт эмнэлэгт хэвтээд байжээ.
Испанийн Парламент өнөөдөр хуралдаж, онцгой байдлыг ирэх сарын 11 хүртэл 14 хоног сунгах эсэхийг хэлэлцэнэ.
Жон Хопкинсын их сургуулиас гаргасан мэдээлэлд өчигдрийн байдлаар дэлхий даяар 460 гаруй мянган хүн халдвар авч, 20 гаруй мянган хүн амиа алдсан, 110 мянган хүн эдгэрсэн гэсэн байна.
ДЭМБ бямба гаригт хийсэн мэдээгдээлдээ вирусийн халдвар нийт хүн төрөлхтний өмнө тулгарсан гамшиг гээд энэ өвчин нь дэлхийн хамгийн ядуу улсуудаас 2 тэрбум ам.долларын зарцуулалт шаардаж байгааг онцлон тэмдэглэжээ.