Ноолуураа үндэсний үйлдвэрлэгчдэд тушаавал урамшуулалтай
Улсын хэмжээнд29,261 сая ямаа тоологджээ. Үүнийг өнгөрсөн жил(27,1 сая )-тэй харьцуулбал ямаа хоёр сая толгойгоор өссөн үзүүлэлтэй байна. Нэг үгээр хэлбэл 2019 онд энэ тооны ямаа ишгэлсэн гэсэн үг. 2019 онд бэлтгэсэн 9,5 мянган тн ноолуурны 25 хувийг дотооддоо боловсруулж бүтээгдэхүүн болгожээ. Харин 10 хувийг нь самнаж, 65 хувьд нь анхан шатны тордолт (угаасан) хийж экспортолсон байна.
Энэ жил10.2 мянган тн ноолуур бэлтгэнэ гэж урьдчилан тооцжээ. Бэлтгэсэн ноолуурын 50 хувийг дотооддоо үлдээх боломжтой гэж үзэж байна. Үүний тулд300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан дотоодын үйлдвэрлэгчдэд 3-5 хувийн хүүтэй олгоно. Хөгжлийн банк, үндэсний үйлдвэрлэгч хоёрын дунд гарч байгаа хүүгийн зөрүү 30 тэрбум төгрөгийг төр хариуцна гэж ХХААХҮ сайд Ч.Улаан мэдэгдсэн.
Энэ бол албаны хүний байр суурь. Ноолуурыг дотооддоо боловсруулж нэмүү өртөг шингээх боломж бий юу? Энэ асуултад хариулахын тулд ноолуурын чиглэлийн үндэсний үйлдвэрүүдийн хүчин чадлыг авч үзэх хэрэгтэй болно.Тус салбарт угаах 25, самнах (хялгас ялгах) зургаа, иж бүрэн технологийн дамжлагатай цогцолбор найм, самнах болон сүлжих хоёр, ээрээд сүлжих нэг үйлдвэр тус бүр ажилладаг аж. Тэгвэл 2020 онд бэлтгэх(10.2 тн)ноолуурынхаа 50 хувийг дотооддоо бүтээгдэхүүн болгох үйлдэрийн хүчин чадал үндэсний үйлдвэрлэгч нарт байгаа юм байна. Тийм болохоор энэ бол боломжийн санаа. Ямааны тоо толгой өслөө. Ямаачин тушаасан ноолуурынхаа хэмжээгээр мөнгөтэй болно.
Ноолуурын салбарт 12,980 тн ноолуур угаах боломжтой аж. Угаах үйлдвэрийн хүчин чадал нь энэ онд бэлтгэх ноолуурыг 100 хувь угаахад хангалттай. Энэ бол ноолуурт нэмүү өртөг шингээх анхан шатны үйлдвэрийн хүчин чадал. Харин ноолуур самнах үйлдвэрийн хүчин чадлын хувьд 4606 тн. Гэтэл 2019 онд энэ боломжийнхоо ердөө 20 орчим хувийг ашиглажээ. Самнасан ноолуурыг Итали, Англи улсад угаасан ноолуураас өндөр үнээр экспортолдог. Байгаа боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна гэдэг тухайн салбарт байгаа хамгийн муу мэдээ.
Үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд боловсруулаагүй ноолуур улсын хилээр гаргахгүй байх боломж бүрджээ. Гэтэл энэ бүтээгдэхүүний 80 хувийг тодорхой хугацаанд (1990-2013 он хүртэл) нэмүү өртөг шингээлгүй экспортолж байсан үе бий. Ноолуурын салбарт болж өнгөрсөн тэр үйл явдал түүх болон үлджээ. Гэхдээ жилд бэлтгэсэн ноолуураа дотооддоо 100 шингээвэл өндөр цалинтай нарийн мэргэжлийн ажлын байр бий болно. Түүнийгээ дагаад манай эдийн засагт олон сайн зүйлийг авч ирнэ.
БНХАУ-аас гаралтай коронавирус дэлхийг хамарсан цар тахлын хэмжээнд хүрлээ. Түүнийг дагаад манай улс төдийгүй, улс орнууд хилээ хааж, хөл хорио тогтоогоод байна. Гэхдээ олон улсын ачаа тээвэр ямар нэг хориг саадгүйгээр явж байгаа юм. Хүний хөл хорьсноор олон зүйл өөрчлөгдөж байгаа. Хүн өвчилж амь нас эрсдэхээс гадна цар тахал эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэж олон улсын байгууллагууд хэлж сануулсаар байна.
Ингэж хөл хорио тогтоосон нь манай улсын хувьд хамгийн сул тал. Аливаа сул талыг өөрт ашигтайгаар хэн эргүүлж чадна, тэр хүн, улс орон л хождог. Тэгвэл хөл хорио тогтоосон энэ сул талыг ноолуурын салбарт давуу тал болгон ашиглах боломж бидэнд бий юу? Энэ асуултад байна гэж хэлэх хүн цөөнгүй. Тэр тусмаа ноолуурын салбараар дагнасан зарим эдийн засгийн шинжээчид хэлэх юм. Хөл хорьж, улсын хил хаагаагүй байхад манайхан “атга” ноолуураа ганзагалаад хүн бүхэн шахам урд хөршийг зорьдог байсан. Энэ жил хөл хорио тогтоож, хил гааль хязгаарлагдмал болсон тул гадагшаа урсах хүн, ноолуурын урсгал зогсоно. Энэ зогсолт малчдыг үндэсний үйлдвэрлэгчдэд ноолуураа тушаах магадлалтай болгож байна. Энэ нөхцөл байдлыг мэдэрч засгийн газар Хөгжлийн банкаар дамжуулж бага хүүтэй зээл гаргах гэж байгаа талаар дээр дурьдсан. Түүгээр зогсохгүй нэг кг ноолуурын үнийг нь 100 мянган төгрөгөөс доош буулгахгүйн төлөө байна гэж ХХААХҮ сайд хэлсэн. Гэхдээ малчдад ноолуураа борлуулах гэж битгий яараарай гэсэн хүсэлтээ мөн дайж байна билээ. Үнээ хадгалах чадвартай ноолуурыг хадгалах нь буруугүй.
Одоо ноолуур дөнгөж гарч эхэлж байна. Энэ жил цагаан сар(2 дугаар сарын 24)-аас хойшнийт нутгаар хэд хэдэн удаа цас орлоо. Бас дээр нь хүйтэн байна. Цаг агаарын таагүй байдал ноолуур гарах хугацааг хойшлуулж байна. Түүнээс гадна урьд жилүүд шиг шинэ ноолуур гарч эхлэх 3 дугаар сарын 20-оос ноолуурын үнийг зохиомлоор өсгөдөг ченжүүд хөл хорионд орсон гэж ойлгож болно. Энэ бүхэн ноолуурын үнэ нэг түвшин(Ч.Улаан сайдын зарласан 100 мянга)-ээс доош буух нөхцөлийг хаав гэлтэй. Тэгээд ч ноолуурын борлуулалтын оргил үе 7 дугаар сарын 20 хүртэл үргэлжилдэг. Гэхдээ түүнээс хойш ноолуур борлогдохгүй гэсэн үг бас биш ээ. Үүнийг ноолуураа дотооддоо бүтээгдэхүүн болгон нэмүү өртөг шингээж экспортлох давуу тал үүсгэх боломж гэлтэй. Малчид үндэсний үйлдвэрлэгчдэд ноолуураа өндөр үнэ(100 мянгаас дээш)-ээр тушааж дээр нь мөнгөн урамшуулал авах боломж ийнхүү бүрдэж байна.