Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь хөл хорионд орлоо
Энэтхэгт орон даяар хөл хорио тогтоосноор дэлхий дээрх 7.8 тэрбум хүн амын дөрөвний нэг хувь нь ямар нэг байдлаар хөл хорионд орлоо. Үүнээс гадна Испанид коронавирусний улмаас нас барсан хүний тоо огцом нэмэгдэж, Итали коронавирустэй тэмцэх арга хэмжээнүүдээ улам чангатгаж, Их Британийн парламент үйл ажиллагаа нэг сарын хугацаагаар зогсоож магадгүй байна.
Дэлхий даяар үйлдвэр, кафенууд үйл ажиллагаагаа зогсоож хотын гудамжууд улам хоосрох болов.
НҮБ ядуу буурай орнуудад зориулсан хандивын сан байгуулжээ. Хамгийн эмзэг бүс нутгуудад “Covid-19” халдварын дэгдэлттэй тэмцэхэд нь туслах зорилгоор хоёр тэрбум ам.доллар хандивлахыг НҮБ-ын гишүүд хүссэн байна.
Хунтайж Чарльз коронавирусний халдвар авч, Лондон хот метроны зорчигчдын урсгалыг бууруулжээ
Хунтайж Чарльз коронавирусний халдвар авч, Лондон хот метроны зорчигчдын урсгалыг бууруулжээ
Уэльсийн хунтайж Чарльзын коронавирусний шинжилгээний хариу “эерэг” буюу халдвартай гарсан гэж Кларенсийн ордон мэдээлжээ. “Өдгөө 71 настай хунтайж Чарльзад халдварын хөнгөн шинж тэмдгүүд илэрч байгаа бөгөөд биеийн байдал нь ерөнхийдөө сайн байна” гэж Кларенсийн ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Үүнээс гадна Лондон хот онцын шаардлагагүй үед нийтийн тээвэр ашиглаж буй зорчигчидтой илүү эрчимтэй тэмцэх боллоо. Зорчигч дүүрэн метроны зураг интернетэд тавигдсаны дараа хотын дарга Садик Хан зорчигчдын урсгалыг бууруулахыг уриалсан байна. Зорчигчдын урсгал гуравны нэг хувиар буурсан ч хангалтгүй байна хэмээн Хан лхагва гарагт мэдэгдсэн байна.
Түүнчлэн Их Британид парламентын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох төлөвтэй байна. Лондон хотод коронавирусээр халдварласан хүний тоо 3000 орчимд хүрээд байгаа бол орон даяар нийт халдварласан хүний тоо 8000 гаруйд хүрчээ. Нийтийн танхимын гишүүд үйл ажиллагаагаа 4 дүгээр сарын 21-нд сэргээнэ гэж найдаж байна.
Их Британийн парламент халдварт өвчний улмаас үйл ажиллагаагаа зогсоовол тус улсад урьд өмнө нь тохиож байгаагүй үйл явдал болох юм. Оршин тогтносон 300 жилийн хугацаандаа парламент сонгуулийн үеэр болон Засгийн газрын хөтөлбөрийг боловсруулах завсарлагааны үеэс бусад тохиолдолд тогтмол хуралдаж, үйл ажиллагаагаа зогсоож байгаагүй аж. Дэлхийн нэг болон хоёрдугаар дайны үеүдэд ч Их Британийн парламент үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байжээ.
Нью-Йорк муж улсын амбан захирагч тусламж хүсжээ
Нью-Йорк муж улсын амбан захирагч тусламж хүсжээ
АНУ-д коронавирусээр халдварласан тохиолдлуудын тал гаруй хувь нь Нью-Йорк муж улсаас илэрчээ. Эмнэлгүүдэд зориулж нэмэлт багаж хэрэгсэл, эмнэлгийн ажилтнуудыг явуулахыг тус муж улсын амбан захирагч Эндрю Куомо Ерөнхийлөгч Д.Трамп болон Цагаан ордноос хүссэн байна. Нью-Йорк муж улсад өнгөрсөн хоногт коронавирусний халдварын 5000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэв.
Нью-Йорк муж улсад халдварын оргил үе дуусмагц бид эргээд тоног төхөөрөмжүүдийг коронавирусний халдварт хамгийн их өртөж буй муж улсад хүлээлгэн өгнө гэж Эндрю Куомо амлажээ.
Хоёр их наяд ам.доллар бүхий санхүүгийн дэмжлэг үзүүлэх Конгрессын шийдвэрийг тэрбээр шүүмжилжээ. Нью-Йорк муж улсад энэ багцнаас 1.3 тэрбум орчим ам.доллар л ногдох бол коронавирустэй тэмцэхэд тус муж улс хэдийн 3.8 тэрбум ам.долларыг зарцуулаад байгаа аж.
Испанид “Covid-19” халдварын улмаас өнгөрсөн нэг хоногт 738 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 3434 болсон байна. Тус улсад халдвар дэгдэж эхэлснээс хойш 47 мянга гаруй хүн коронавирусээр халдварлажээ.
Халдварт өвчний улмаас хамгийн их хохирол амсаад буй Итали улс хөл хорионы дүрэм журмыг зөрчиж буй иргэдэд ногдуулах шийтгэлээ чангатгажээ. Коронавирусээр халдварласан иргэд өөрийгөө тусгаарлах дэглэмийг зөрчвөл хэдэн мянган еврогоор торгуулж, 5 хүртэлх жилээр шоронд хоригдож магадгүй байна.
“Covid-19” халдварын улмаас нас барсан хүний тоо нь 1000 давсан орнуудын жагсаалтад Франц 5 дугаарт тэмдэглэгдэж байна. Албан ёсны статистик мэдээнд зөвхөн эмнэлэгт нас барсан хүмүүсийг тооцдог тул халдварын улмаас нас барсан хүний тоо үүнээс ч их байх магадлалтай хэмээн Францын Эрүүл мэндийн газрын дарга Жером Саломона мэдэгджээ.
Зах зээлийн нөхцөл байдал
Зах зээлийн нөхцөл байдал
Энэтхэгт тогтоосон хөл хорио нь цар хүрээ, шинж чанарын хувьд урьд өмнө нь байгаагүй хатуу арга хэмжээ болж байна. Энэ арга хэмжээ нь үйлчлэгч, гудамжны худалдаачид, барилгын ажилтнууд, нийгмийн эмзэг давхаргад хамгийн хүндээр тусна. Тэд хөдөлмөрийн зах зээлийн хамгийн их хувийг эзэлдэг хэдий ч эрүүл мэндийн даатгал, цалинтай чөлөө авах боломжгүй байдаг аж.
Энэтхэгийн хүн амын суурьшил хамгийн шигүү бөгөөд хамгийн ядуу буурай мужуудын нэг Уттар Прадеш болон зарим мужид шууд санхүүгийн тусламж олгох арга хэмжээнүүдийг танилцуулсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Сенатын танхим ард иргэд, бизнес эрхлэгчдэд эдийн засгийн тусламж үзүүлэхэд зориулсан 1.8 их наяд ам.долларын багцыг баталсан тухай мэдээлэл Азийн санхүүгийн зах зээлд эерэгээр нөлөөлжээ. Лхагва гарагт, Японы “Nikkei” индекс 7.9 хувиар, Хонконгийн “Hang Seng” 3.4, Австралийн “ASX” индекс 5 хувиар тус бүр өссөн байна.
Тийнхүү санхүүгийн зах зээл дээр үүссэн урт хугацааны түгшүүрийн дараа АНУ-ын дэмжсэн санхүүгийн тусламжийн аварга том багц дэлхий даяар тогтоосон хөл хорионоос үүдэлтэй эдийн засгийн хүнд цохилтыг зөөлрүүлэхэд тус болно гэж хөрөнгө оруулагчид найдаж байна.
“Их-7” бүлгийн гишүүн орны гадаад хэргийн сайд нар коронавирусний цар тахалтай тэмцэх төлөвлөгөөг хэлэлцэхээр теле хэлбэрээр зөвлөгөөн явуулж байна. Пүрэв гарагт “Их-20” бүлэг мөн ийм хэлбэрээр дээд хэмжээний уулзалт хийх юм.
Канадын парламент цар тахлын үр дагавартай тэмцэж, эдийн засгаа дэмжих зорилгоор 82 тэрбум канад доллар гаргахыг сайшаажээ. Энэ талаарх шийдвэрийг Сенатын танхим баталснаар хүчин төгөлдөр болох аж.
ОХУ-ын нийслэл Москва хотод коронавирусний халдвар авсан хоёр хүн нас баржээ. Тус улсад коронавирусээр халдварласан хүний тоо 163-аар нэмэгдэж, 658 болсон байна. Пүрэв гарагт тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин ард түмэндээ хандан үг хэлж, коронавирустэй тэмцэх багц арга хэмжээнүүдийг танилцуулжээ.