Коронавирусний халдвар тээгч халдвар авсны дараах эхний долоо хоногтоо илүү аюултай
Шинэ төрлийн коронавирусний тээгч нь халдвар авснаас хойших эхний долоо хоногтоо бусад хүнд хамгийн их аюул учруулдаг гэдэг дүгнэлтийг Хонконгийн микро биологичид хийжээ.
Эрдэмтэд ийм дүгнэлтийг коронавирусээр үүсгэгддэг COVID-19 өвчний халдвар авсан 35-70 настай өвчтөний шүлсний дээжинд хийсэн шинжилгээний хариуд үндэслэн хийжээ. Шинж тэмдэг илэрснээс хойш эхний долоо хоногийн хугацаанд халдвар тээгчдийн шүлсэн дэх вирусний ачааллын түвшин хамгийн өндөр байсан бөгөөд харин дараа нь аажмаар багасаж байсан байна.
“Халдварын эхний долоо хоногт вирусний ачаалал өндөр байгаа нь өвчтөнийг эмнэлэгт хэвтэхээс өмнө вирус нэг хүнээс нөгөөд маш амархан дамждаг болохыг харуулж байна” гэж Хонконгийн их сургуулийн микро биологийн тэнхимийн дэд профессор Келвин То тэмдэглэжээ. Тэрбээр анагаах ухааны "Lancet" сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны үр дүнгийн талаарх нийтлэлийг хамтран бичсэн байна.
ДЭМБ-аас хамгийн сүүлд мэдээлснээр, коронавирусний халдвар авсан нийт хүний тоо 450 мянга давж, 21 мянга гаруй хүн нас баржээ.