В.Путин бүрэн эрхт төлөөлөгч нартаа үүрэг даалгавар өглөө
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний халдвар тархсантай холбогдуулан Холбооны улсын тойргууд дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгчидтэй уулзаж, хэд хэдэн үүрэг даалгавар өгчээ.Үүнд:
- Коронавирустэй тэмцэхэд Оросын анагаах ухааны салбарын бэлэн байдлын талаарх мэдээллийг нэгдсэн санд оруулах,
 - Улсын болон хувийн эмнэлгүүдэд коронавирусийг оношлох шинэ төвүүд байгуулах,
 - Коронавирусийг илрүүлэх туршилтын шинэ оношлууруудыг хурдан бүртгэх,
 - Коронавирустэй тэмцэхэд хэрэглэж буй эмийн нэмэлт нөөцийг бүрдүүлж, амьсгалын аппаратын нөөцийг нэмэгдүүлэх,
 - Коронавирустэй тэмцэхэд анагаах ухааны их сургуулиудын дадлагажигчид, оюутнуудыг татан оролцуулах,
 - Халдвар тархсан улс орнуудаас нутагтаа буцаж ирсэн иргэдийг болон ойрын хавьтлуудыг олж тогтоох ажлыг зохион байгуулах,
 - Ахмад настнуудад туслах ажлыг биечлэн хянах, мөн хүнсний бүтээгдэхүүн, эм, хувийн хамгаалалтын хэрэгслийн үнийг хянах,
 - Эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаа болон үйлдвэрлэлийг тасралтгүй явуулахын тулд алсын зайнаас ажиллах уян хатан хуваарийг анхааралдаа авах,
 - Бүс нутаг бүрт чухал ач холбогдолтой аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргах,
 - Бүс нутгуудын бизнес эрхлэгчдэд олгох зээлийн хөрөнгийг хурдан гаргах,
 - Бүс нутгуудын төсвийг тогтвортой байлгах багц арга хэмжээг боловсруулах
 
ОХУ-ын төрийн тэргүүн мөн коронавирустэй тэмцэхдээ үндэслэлтэй, мэргэжлийн арга хэмжээ авах, барааг дамлан худалдах, үнэ хөөрөгдөх явдлыг таслан зогсоохыг үүрэг болгосон байна.
ОХУ-ын 71 бүс нутагт 1836 хүн коронавирусний халдвар авч, есөн хүн нас барсан бол 66 хүн эдгэрчээ.