Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 850 мянга давлаа
Дэлхийн даяар шинэ коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо мягмар гаргийн байдлаар 41 мянга давж, халдварын тохиолдлын тоо 850 мянгад хүрлээ гэж Жонс Хопкинсийн нэрэмжит их сургууль мэдээллээ.
Италид хамгийн олон буюу 12428 хүн нас барсан бол тус улсын араас 8269 хүн нас барсан Испани бичигдэж байна. Европын тус хоёр оронд нас барсан хүмүүсийн тоо дэлхий даяар бүртгэгдсэн нас баралтын тал орчим хувьтай тэнцэж байгаа юм.
“COVID-19” халдварын улмаас АНУ-д 3416 хүн нас барсан нь өнгөрсөн оны сүүлээр халдвар анх дэгдсэн эх газрын Хятадад бүртгэгдсэн ижил үзүүлэлтийг давжээ.
Халдварын тохиолдлын тоогоор авч үзвэл, АНУ-д хамгийн олон буюу 181 мянга орчим тохиолдол бүртгэгдсэн бол үүний араас Итали/106 мянга/, Испани/94 мянга/, Хятад/82 мянга/жагсаж байна.
Дэлхий даяар халдварын улмаас нас барсан хүний тоо өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд 10 мянгад хүрсэн бол 25-нд 20 мянга, 28-нд 30 мянга давжээ.
Улс орнууд зорчих хөдөлгөөн болон бизнесийн үйл ажиллагааг хязгаарлаж, зайнаас харилцах гэх мэт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа боловч халдварын тохиолдлын тоо сүүлийн хоёр хоногийн дотор 100 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.
Мөн Бельги, Их Британи, Франц, Герман, Швейцар зэрэг Европын олон оронд бүртгэгдсэн “COVID-19” халдварын тохиолдлын тоо 10 мянга давжээ.
АНУ-ын хувьд Нью-Йорк муж улсад халдвар хамгийн их тархсан бөгөөд тус муж улсад 75 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 1550 хүн нас барсан байна.