Францад халдварын улмаас нэг өдөрт хамгийн олон хүн нас баржээ

Францад коронавирусний халдвар тархсанаас хойш нэг өдөрт хамгийн олон буюу 833 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 8911-т хүрч, халдвар авсан хүний тоо 98010 болжээ.  
“Манай улсад энэ цар тахлын оргил үе эхлэх болоогүй байна” гэж Францын Эрүүл мэндийн сайд анхааруулжээ. Мөн Италид халдварын улмаас нас барсан хүний тоо буурч байсан боловч даваа гарагт дахин өссөн бол Испанид уг үзүүлэлт дөрвөн өдөр дараалан буурсан байна.
Түүнчлэн даваа гарагт Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонд илэрсэн халдварын шинж тэмдгүүд хүндэрсний улмаас түүнийг Лондон хотын эмнэлгийн эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлжээ.
Германы Канцлер Ангела Меркель, Европын Холбооны хувьд энэ цар тахал урьд өмнө нь тулгарч байгаагүй хамгийн том сорилт болж байна хэмээгээд, манай улсын Засгийн газар ЕХ-нд эдийн засгийн тусламж үзүүлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэж мэдэгдсэн байна.
Францад нөхцөл байдал ямар байна вэ?
Францын Эрүүл мэндийн яамнаас даваа гаргийн орой танилцуулсан мэдээлэлд дурдсанаар, сүүлийн 24 цагийн хугацаанд 605 хүн эмнэлэгт, 228 хүн асрамжийн газарт нас баржээ. Эдгээр үзүүлэлтийн аль аль нь 10 хувиар өссөн байна.
“Энэ бүхэн дуусах болоогүй байна. Цаашид урт зам хүлээж байна. Та бүхэнд танилцуулж буй эдгээр үзүүлэлт үүнийг харуулж байна. Гэртээ байж, одоо гаргаж буй хүчин чармайлтаа үргэлжлүүлэх хэрэгтэй” гэж Эрүүл мэндийн сайд Оливье Веран мэдэгджээ.
Харин эерэг үзүүлэлтээс дурдвал, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй хүний тоо дөнгөж 1.3 хувиар өсөж, 7072 болсон байна. О.Вераны мэдээлснээр, Засгийн газар нийт нас баралтын 27 хувь нь бүртгэгдсэн асрамжийн газруудын суугчдыг хамгаалахын тулд “өргөн хүрээг хамарсан ажиллагаа” эхлүүлэхээр болжээ.
Европт нөхцөл байдал ямар байна вэ?
Европ тивд цар тахлын улмаас нас барсан хүний тоо 50 мянга давжээ. Нас баралтын тоогоор дэлхийн улс орнуудаас нэгдүгээрт бичигдэж буй Италид 16523 хүн нас барсан байна.
Италийн Засгийн газраас даваа гарагт мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд 636 хүн нас барсан нь өмнөх өдрийнхөөс 111-ээр нэмэгдсэн байна. Өнгөрсөн ням гарагт 525 хүн нас барсан нь өнгөрсөн гуравдугаар сарын 19-нөөс хойш бүртгэгдсэн хамгийн цөөн үзүүлэлт болсон юм.
Нас барсан хүний тоогоор Италийн араас хоёрдугаарт бичигдэж буй Испанид халдварын улмаас нас барсан хүний тоо үргэлжлэн буурсаар байгаа нь тус улсад тархалтын оргил үе өнгөрснийг илтгэж байж магадгүй хэмээн таамаглаж байна.
Испанид даваа гарагт 637 хүн нас барсан нь сүүлийн 13 хоногт бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт болсон бөгөөд тус улсад нийт 13055 хүн нас баржээ. Испанийн Эрүүл мэндийн онцгой байдлын хорооны дэд даргын мэдээлснээр, халдварын өсөлтийн түвшин “бараг бүх мужид” саарсан дүн үзүүлжээ.
Их Британид халдварын улмаас 439 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 5373 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам даваа гарагт мэдээлжээ. Их Британид уг үзүүлэлт хоёр дахь өдрөө дараалан буурсан нь энэ боловч тархалт саарч байна хэмээн үзэхэд хэтэрхий эрт байна гэж мэргэжилтнүүд мэдээлсэн байна.
Данийн бага сургуулиудын сургалтыг энэ сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөж байна гэж тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен мэдэгдсэн нь тус улсад хөл хорионы арга хэмжээг аажмаар сулруулах төлөвтэй байгааг харуулжээ. Гэсэн хэдий ч тэрбээр ард иргэд одоогийн арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн дагаж, халдварын тохиолдлын тоо тогтвортой хэвээр байсан тохиолдолд ийм шийдвэрийг гаргана гэдгийг онцолжээ.
Австрийн Канцлер Себастьян Курц мөн Улаан өндөгний баярын дараа онцын шаардлагагүй дэлгүүрүүдийг нээх гэх мэтээр хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулах талаар хэлэлцэж байна гэж мэдэгдсэн байна. 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ