Corona nostra: Цар тахлын үеэр Италийн мафи идэвхжив
Италид хуучин дайсан мафийн аюул нэмэгдэж байна. Тус улс шинэ вирусийн халдварт нэрвэгдэн эдийн засаг нь хямралд орсныг далимдуулан бүлэглэлүүд баяжих боломж сүвэгчилж эхэлжээ.Энэ тухай Германы Welt хэвлэлийн тоймч Виргиниа Кирст санууллаа.
Тухайлбал, мафийн шинжээч Роберто Савиано "Талх хайсан өлсгөлөн хүмүүст хэний зууханд барьснаас үл хамааран талх л хэрэгтэй. Энх тунх, чинээлэг нөхцөлд л хүнд сонголтоо хийх боломж олдог" хэмээн өгүүлжээ.
Мафи хямралын цагаар чухал салбаруудад өөрсдийн байр сууриа бэхжүүлж чадсан байна. Гэмт хэргийн янз бүрийн бүлэглэлүүд хог зөөх, байрны цэвэрлэгээ хийх, логистик, оршуулга, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, бензиний арилжаа эрхэлсэн компаниудад өөрсдийн хувийг нэмэгдүүлж чадсан байна.
"Мафи одоо ба ирээдүйд юу хэрэгтэйг сайн мэдэж, өөрсдийн нөхцөлөөр хуваарилалт хийж байна. Үргэлж л тийм байсан" гэж Савиано онцолжээ.
Хамгийн муу мэдээ нь мафи эрүүл мэндийн системд нэвтэрснийг саяхны Карло Кириакогийн яллалт харууллаа. Хойд Италийн Павия мужийн Эрүүл мэндийн яамны салбарын дарга байсан тэрээр Сицилийн Ндрангета гэх гэмт бүлэглэлтэй холбоотой.
Бараг бүх мэдээ мэдээлэл коронавируст хандсан цагаар мансууруулах бодисын наймаа дэлгүүр эмийн сангийн урт дарааллын хажууд гарч ирсэн байна. Хямралаас олж байгаа мафийн ашиг орлого хатуу хөл хорио тавигдсаны дараа ч алга болохгүй. Учир нь цар тахал төгсөхөд Итали эдийн засгийн хямралтай тулгарах нь зайлшгүй, мафи ч үүнийг ашиглах нь лавтай.
"Хямралын дараа бизнесийн шилдэг боломжийг хамгийн хүчтэй нь авна. Мафи ихээхэн мөнгөтэй учир тэд энэ боломжийг алдахгүй" Милан хотын захирагч Жузеппе Сала өгүүлэв.
Түүний хэлснээр, хамгийн ноцтой байдал Италийн өмнөд хэсэгт үүсээд байгаа аж. "Тэнд мафи хамгийн хүнд байдалд байгаа иргэдэд туслан өөрсдийн талд татна" хэмээн хот захирагч хэллээ.