Т.Бадрал: Гадаадад байгаа иргэд маань ирэх гэж яарах шаардлагагүй
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна. ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Гадаадаас ирж байгаа иргэдээс маань коронавирус илэрч байна. Хамгийн сүүлд ОХУ-аас авч ирсэн хүмүүсээс илэрлээ. Тиймээс гадаадад байгаа иргэддээ хандаж хэлэхэд наашаа ирэх гэж яарах шаардлагагүй байна. Яагаад гэвэл, онгоц маань халдвар дамжуулах хэрэгсэл болох эрсдэлтэй.
Улсын онцгой комисс Замын-Үүдийн боомтын шинэчлэлийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гаргасан. Үүнд ажиллах БНХАУ-ын иргэдийг хүлээн авч байрлуулна. Гэхдээ эдгээр иргэд хил нэвтэрч орж ирэхгүй. Хилийн дундын бүсэд барилга байгууламжийн ажил хийнэ. Тэд БНХАУ-даа 14 хоног тусгаарлагдана. Аижл хийх дундын бүсэд орж ирснийхээ дараа Монгол Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 21 хоног тусгаарлагдан. Түүнийхээ дараа шинжилгээ өгч ажилдаа орно.
Мөн Улсын онцгой комиссын хурлаар Яармаг барьж байгаа төрөх эмнэлгийг зургадугаар сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулж коронавирусын эрсдэлтэй хүмүүсийг энд эмчлэхээр боллоо. Мөн Улсын онцгой комиссын бүх гишүүн байгууллагыг оролцуулсан дасгал сургуулилтыг энэ сард багтаан зохион байгуулахаар боллоо. Өөрөөр хэлбэл, байдал улам хүндэрсэн тохиолдолд хэрхэн ажиллах вэ гэдгээ сургуулилна. Ийм сургуулилт зохион байгуулахыг Ерөнхий сайдын зүгээс даалгасан" гэв.