Бүх нийтийн бэлэн байдлын сургуулилалт хийх үүрэг өглөө
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 21 асуудал хэлэлцэн шийдвэрлэж, 5 асуудалтай танилцжээ. Хуралдааны эхэнд CoVid19 цар тахлын үед Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт УОК-ын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх цаг үеийн мэдээллийг сонссон байна. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх УОК-ын дарга болон гишүүдэд дараах үүрэг даалгаврыг өгчээ.
Тэрээр "Монгол улс CoVid19 цар тахлын дэгдэлтийг дотооддоо хязгаарлаад байгаа ч нийтийн дунд халдвар тархахгүй гэх баталгаа хомс, эрсдэл маш өндөр байна. Иймд болзошгүй эрсдэлийг тооцож бид бэлэн байдлаа хангах ёстой. Дараах дөрвөн арга хэмжээг нэн тэргүүнд авч хэрэгжүүл" гэсэн байна. Тодруулбал,
1. Бүх нийтийн бэлэн байдлын сургуулилалт хийх. Нийтэд вирус тархсан тохиолдолд ямар зохион байгуулалтад орж ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрэхийг даалгажээ.
2. Эмч, эмнэлгийн ажилтнуудын бэлэн байдал, дайчилгаа, судалгааг нэгтгэх. Шуурхай томилгоонуудыг хийх. 1000 хүн халдвар авсан тохиолдолд хэрхэн ажиллах талаар сургуулилтыг эрүүл мэндийн салбарынхан дотроо явуулахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгосон байна.
3. Яармагт барьж, ашиглалтад оруулахад бэлэн болоод буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг CoVid19 цар тахлын дэгдэлт үүссэн үед ашиглахаар бэлэн байдалд шилжүүлж, бэлтгэн тоноглохыг даалгав.
4. Дээд, дунд шатны удирдлагууд, шийдвэр гаргах түвшнийхэн, албан тушаалтнууд мэдээллээ нэг урсгалаар гаргаж байх. Ажлын хариуцлагатай, байх, олон нийтийг талцуулсан ойлгомжгүй мэдээлэл албан болон албан бусаар түгээхгүй байхыг тус тус анхааруулж байна гэв.