“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны дансаа нээлгээгүй 700 мянган иргэн байна
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр ээлжит хэвлэлийн хурлаа хийж, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл өглөө.Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн долоо хоногт 47.6 мянган тонн нүүрс олборлож, 309 тэвшээр 23.7 мянган тонн нүүрс ачиж, 302 тэвшээр 39.2 мянган тонн нүүрс экспортод гаргажээ. 2020 онд нийт 2.3 сая тонн нүүрс олборлож, 2.1 сая тонны нүүрс уурхайгаас ачиж, 853.4 мянган тонн нүүрс экспортлоод байна. Ачилт, экспортын хэмжээ өмнөх долоо хоногоос өсчээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1800-1072 утсаар 1378 хүн холбогдож, 1072 мэдээллийн төвийн байранд 476 иргэн ирж мэдээлэл зөвлөгөө авчээ.
Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбоотойгоор энэ сарын 24-нд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд товлогдоод байсан хувьцаа эзэмшигчдийн хурлын зохион байгуулалтыг өөрчилж, онлайнаар явуулахаар боллоо.
Хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулснаар ногдол ашиг хуваарилах шийдвэр албажин баталгаажиж, 5 дугаар сарын 01-нээс хойш ҮЦТХТ-өөр дамжуулан иргэдэд ногдол ашиг олгож эхэлнэ. Тиймээс иргэд хувьцааны дансаа нээлгэх, хувьцааны данстай холбогдсон банкны дансаа шалгаж баталгаажуулах шаардлагатай. Хувьцааны дансаа нээлгэсэн 1.850.000 иргэн байгаагийн 1.550.000 нь банкны дансаа мэдүүлээгүй байгаа юм. Хувьцааны дансаа нээлгээгүй 700 мянга орчим иргэн байна.
Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянаж, нягтлан бүртгэлийг тулгах, цахимжуулахтай холбооотой Гүйцэтгэх захирлын 2020 оны А/37 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2010-2011, 2011-2012 онуудад оюутны сургалтын төлбөр, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг хувь хүртэж хувьцаанаас хасаж тооцуулсан иргэдийн гаргасан өгөгдөл, хүсэлт зэрэг анхан шатны баримтыг цахимжуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ ажилд одоогийн байдлаар Нийслэлийн Багануур, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсүүдэд компанийн 30 орчим ажилтныг хуваарилан ажиллуулж байна.
Компанийн худалдан авалттай холбоотой ташаа мэдээллийг сошиал сүлжээнд цацах явдал гарсаар байгаа тухай анхаарууллаа. Тухайлбал, “Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ганцаараа 15 тэрбум төгрөгийн тендерийн асуудлыг шийдвэрлэж байна” гэсэн утгатай зүйлийг зарим иргэн фэйсбүүк хуудсаараа цацсан. Энэхүү мэдээлэлд дурьдагдсан уурхайн ажилчдын хотхоны тендер гэхэд 1 дүгээр сарын 31-нд материал хүлээж авсан. 02-р сарын 04-ний өдөр ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан байна. Харин уурхайн захиргааны барилгын барилга угсралтын тендерт эхний удаа оролцсон компаниуд бүгд тэнцээгүй тул хоёр дахиа явагдаж, өнгөрсөн оны 12-р сарын 25-нд шийдвэр нь гарсан байна. Тиймээс цаг хугацааны хувьд ч Гүйцэтгэх захирал ганцаараа шийдэж байна гэдэг худлаа мэдээлэл. Мөн аливаа худалдан авалт төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу явагддаг, ганц хүн биш үнэлгээний хороо энэхүү шалгаруулалтыг хуулийн дагуу хийдэг, үнэлгээний хороонд хөндлөнгийн гишүүд оролцдог гэдгийг мэдэгдэж байна" гэв.