Он гарсаар 105 хүүхдийн амь нас хохирчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын” жил болгон заралсантай холбогдуулан нийслэлийн цагдаагийн газар болон ахмад “Хүүхэд хамгаалагч” нар хамтран өнөөдөр сэтгүүчдэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр “2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд хүүхэдтэй холбоотой 766 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 1327 хүүхэд гэмт хэрэгт өртөж, 105 хүүхдийн амь нас хохирсон” гэлээ.
Мөн Ерөнхийлөгчийн дээрх санаачилсан төслийн хүрээнд Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны сайдын тушаалаар нийслэл хотод 133 ахмад “Хүүхэд хамгаалагч” болон эцэг эхчүүдийн дунд “Сургуулийн цагдаа” гэх мэт үйл ажиллагааг зохион байгуулж байна гэв.
Улмаар үүний үр дүнд хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг өмнөх оноос 4.5 хувиар буурсан байна. Энэ нь ахмад хүүхэд хамгаалагч, сургуулийн цагдаа нарын ажлын үр дүнг харуулж буй бөгөөд үүний тод жишээ нь Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хүүхэд хамгаалагч Ү.Орхон нь өнгөрсөн 9-р сарын 26-ны өдөр эргүүл хийж явах үедээ, орон сууцны дөрвөн давхрын тагтан дээрээс унах гэж байсан дөрвөн настай охины амийг аварсан явдал байлаа.
Тус хурлын үеэр дээрх байгууллагын мэргэжилтнүүд болон ахмад хүүхэд хамгаалагчид хэлэхдээ, эцэг эхчүүд хүүхдээ онцгой анхаарч хүүхэд хамгаалах үйлсэд бүх нийтээр идэвхтэй оролцох ёстойг онцоллоо.