Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд 103 арга хэмжээ тусгажээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцжээ. Төсөлд таван бүлэг, 18 зорилтын хүрээнд 103 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, макро эдийн засгийн бодлого, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, засаглал эрхзүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн таван бүлэгтэй байна.
Энэ хүрээнд ХХААХҮ-ийн салбарын хууль, эрхзүйн орчныг сайжруулж хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангаж, жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, цахилгаан станцуудыг өргөтгөн шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлж, эрчим хүчний салбарын тасралтгүй найдвартай ажиллагааг хангах юм байна. Мөн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, боловсрол соёл, урлаг, спортын салбарын хөгжлийг дэмжиж, томоохон бүтээн байгуулалтуудыг хийж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр заажээ. Төсөлд тусгасан 103 арга хэмжээг хэрэгжүүлэхэд 10.3 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай аж. Уг төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ
Түүнчлэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.