Европ тивд коронавирусийн тархалт буурч байна
Коронавирусний тархалтаар Европ тивд тэргүүлж байсан Итали, Испани, Францад сүүлийн сар гаруй хугацаанд бууралт ажиглагдаж байна. Ням гарагт Италид 260, Францад 242, Испанид 288 хүн нас барсан нь 3 дугаар сарын дунд үеэс хойшх хамгийн доод үзүүлэлтүүд болжээ
Тиймээс хөл хориог зөөлрүүлэх, цуцлах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ. Тухайлбал, Испанид 4 дүгээр сарын 26-наас эхлэн 14-өөс доош насны хүүхэд 09-21 цагийн хооронд өдөрт нэг удаа харгалзах хүний хамт гэрээсээ 1 км-ийн зайд гарах, тоглох, салхилах эрхтэй болсон бол ирэх ням гарагаас иргэд задгай талбайд дасгал хөдөлгөөн хийж, салхилж болох аж.
Итали улс энэ долоо хоногоос эхлэн бүх төрлийн бизнес, үйл ажиллагааг шат дараатайгаар нээж, 5 дугаар сарын 04-ний өдөр гэхэд улс даяар хэвийн горимд шилжихээр төлөвлөж байна. Ингэхдээ олон нийтийн газарт амны хаалт зүүж, хоорондын зайг баримтлах хэрэгтэйг Засгийн газраас анхааруулав. Мөн баар, ресторанууд болон зарим музей, үзмэрийн газар, дэлгүүрийг дахин гурван 7 хоногоор хааж, ресторанууд зөвхөн хүргэлтийн үйлчилгээ болон савласан хоол зарах бол үсчний газрууд 6 дугаар сарын 01-нд нээгдэж, бага, дунд, ахлах, сургуулийн хичээл 9 дүгээр сарын 01-нд эхлэхээр болов.
Франц улс 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхний ээлжид бага, дунд сургуулийн хичээлийг эхлүүлэх, бага ангийн хүүхэд хичээлд явах эсэх нь сайн дурынх байх бол ахлах ангийн хүүхэд амны хаалт зүүж хичээлдээ явах; эмнэлгийн байгууллага, эмийн сан болон гудамжинд байрлуулах автомат машинаар дамжуулан 05 дугаар сарын 03-ны өдрөөс амны хаалт тараах; бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа эхлүүлэх ч баар, ресторан, кафе, аялал жуулчлалын үйл ажиллагааг хориглох зэрэг нөхцөлтэйгээр хөл хориог цуцлахаар төлөвлөж байна.