Гадаадад оршин суугаа хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргалаа
Улсын хэмжээнд хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгож байгаа. Өнгөрсөн сарын байдлаар нэг сая 122 мянга 400 гаруй хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байна. Цар тахлын тархалтын үед Засгийн газраас нийгмийн халамжийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд ирэх аравдугаар сарын 1-нийг хүртэл хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгохоор болсон. Үүнтэй холбоотойгоор шинээр хамрагдах хүсэлт гаргасан хүүхдийн тоо 20 мянгаар нэмэгдсэн бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байгаа ажээ.
Мөн гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэд болон Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэдээс хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтүүд хөдөлмөр халамж үйлчилгээний газарт олноор иржээ. Иймд Коронавируст халдварын цар тахлын үед хүсэлт гаргасан гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний болон Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэний хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг хүсэлт гаргасан сараас эхлэн ирэх аравдугаар сарын 1 хүртэл олгох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Өнгөрсөн сарын байдлаар гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний 18 хүртэлх насны 27 мянган хүүхдээс 12 мянга нь хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авдаг байна.