УИХ дахь АН-ын зөвлөл дөрвөн жилийн тайлангаа танилцууллаа
УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр мэдээлэл хийж, дөрвөн жилийн үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Энэ үеэр УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид үнэмлэхүй цөөнх байлаа. Дөрвөн жилийн товч тайлангаа тавих нь зүйтэй байх. АН-ын бүлэг УИХ, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд 32 удаа асуулга тавьж, бүлгийн гишүүд 58 хууль санаачилсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад АН-ын бүлэг маш санаачилгатай ажилласан. Баялгийн тэгш хуваарилалттай холбоотой дэвшүүлсэн санал, Засгийн газрын давхар дээлтэй холбоотой асуудлуудыг хүлээн авсан. Харин Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх саналыг хүлээж аваагүй. Үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн МАН бодитой бүтээн байгуулалт хийгээгүй, бодлогогүй ажилласан. Эрх баригчдын эрх ашгийн төлөөх тулааны дунд ард иргэд үрэгдсэн дөрвөн жил байлаа. Ирэх дөрвөн жил маш хариуцлагатай байх шаардлага үүсэж байна" гэв.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Эдийн засаг 6-8 хувиар өссөн гэсэн боловч иргэдийн амьдралд нөлөөлөхгүй, хүртээмж гэр бүлүүдэд хүрч чадаагүйг статистик харуулж байна. Гэр бүлийн орлого нэмэгдсэн статистик гарч байгаа ч задлаад үзвэл халамжаар нэмэгдсэн байна. АН-ын бүлгийнхнээс эдийн засгийг тэлэх хуулийн төслүүд өргөн барьсан боловч эрх баригчид хэлэлцээгүй" гэсэн юм.