ОХУ-д нэг сая ам.долларын үнэ бүхий махны тусламж үзүүлнэ
ОХУ-д нэг сая ам.долларын үнэ бүхий махны тусламж илгээхээр шийдвэрлэсэн тухай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдэгдэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь БНХАУ-д шинэ коронавирус эрчимтэй дэгдэж байсан хүнд хэцүү үед тус улсад айлчилж, 30 мянган толгой хонь хандивлаж байсан. Тэгвэл манай улс хоёр хөрштэйгээ иж бүрэн стратегийн түншлэлтэй, ижил түвшний харилцааг хөгжүүлэх гадаад бодлогын үзэл баримтлалтай. Энэ хүрээнд аль аль талдаа ижил тэгш хандсан бодлого явуулах ёстой. Тиймээс халдварын нөхцөл байдал ОХУ-д хүндэрсэн энэ үед нэг сая ам.долларын үнэ бүхий махны тусламж илгээх шийдвэрийг Засгийн газар гаргажээ.
Засгийн газраас санхүүжилтийг шийдвэрлэсэн бөгөөд ойрын хугацаанд хонины мах бэлтгэх, логистик тээврийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж ОХУ-д мах хүлээлгэн өгөх ажил зохион байгуулах юм байна.
Уг шийдвэрийг засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан байна.