ТАНИЛЦ: Үндэсний урлагийн их театрийн барилгын загвар зураг гарчээ
Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.43, 3.2.59-т заасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж “Үндэсний урлагийн их театр” барих асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан. Тэгвэл Үндэсний урлагийн их театрын барилгын загвар зураг гарсан бөгөөд хэл ам дагуулаад байсан макетнаас тэс өөр байлаа.
Барилгын газрын асуудлыг цогцоор шийдвэрлэх, барилгын зураг төсөв боловсруулах, холбогдох тооцоо судалгаа хийх, барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ахалж, бүрэлдэхүүнд нь Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Эрчим хүчний яам, Байгаль орчны яам, Гадаад харилцааны яам, Соёл урлагийн газар, Үндэсний хөгжлийн газар зэрэг байгууллагын удирдлага багтсан байна.
Орчин үеийн шаардлагад нийцсэн, шинэ техник технологиор хангагдсан, үндэсний онцлог бүхий өвөрмөц шинэлэг интерьер шийдэлтэй, урлаг уран сайхны цогцолбор арга хэмжээ зохион байгуулах бололцоо нөхцөл хангагдсан Үндэсний урлагийн ордонтой болохыг зорьж байгаа юм.
Улсын Үндэсний Урлагийн Их Театр нь анх дан концертын бүтээл голлон тавьдаг байсан бол 80-д оноос Монгол ардын урлагийн өв сангаас төдийгүй өөрийн болон Дэлхийн сонгодог нэрт уран бүтээлчдийн шилдэг туурвилыг тайзнаа хөрвүүлэн сэдэвчилсэн, түүхчилсэн бүтээл, ардын бүжгэн жүжиг, дуулалт бүжиг, орчин үеийн модерн бүжгэн жүжиг зэрэг томоохон бүтээл туурвидаг мэргэжлийн урлагийн байгууллага юм.
Б. Цэнгэлмаа