Нийтийн тээврийн үйлчилгээнд ШИНЭЭР хоёр ЦАХИЛГААН АВТОБУС гарахад бэлэн боллоо
Монгол Улсын Засгийн газар “Нийслэлийн нийтийн тээвэрт байгаль орчинд ээлтэй цахилгаан автобус нэвтрүүлэх, туршилт хийх тухай” 122 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолд “МОН-30” загварын их багтаамжийн цахилгаан автобусыг дотоодын үйлдвэрлэгчид захиалан үйлдвэрлүүлж, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх туршилт хийж, үр дүнг Засгийн газарт танилцуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт даалгасан.
Тэгвэл энэхүү ажлын хүрээнд Засгийн газраас нийтийн тээврийн үйлчилгээнд зориулан байгаль орчинд ээлтэй, үндэсний үйлдвэрлэлийн “Мон-30” загварын том оврын 2 ширхэг цахилгаан автобусыг нийслэлд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өчигдөр /2019.10.23/ боллоо. Уг үйл ажиллагаанд Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, НТҮГ-ын дарга Ч.Сайханбаяр болон ЗТХЯ-ны холбогдох албаны төлөөллүүд оролцсон юм.