Пентагон 10 тэрбум ам.долларын гэрээ байгуулах эрхийг “Microsoft” компанид өгчээ
АНУ-ын Батлан хамгаалах яамтай 10 жилийн хугацаатай 10 тэрбум ам.долларын гэрээ байгуулах сонгон шалгаруулалтын ялагчаар “Microsoft” компани тодорсныг тус яамны цахим хуудсанд мэдээлжээ.
Энэхүү гэрээ нь алсын зайн тооцоолол хийх чиглэлээр Пентагонд үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой юм. Сонгон шалгаруулалтад мөн “Amazon” компани оролцсон байна. Тус компани АНУ-ын Батлан хамгаалах яамны дээрх шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа мэдэгджээ. ““Amazon Web Services” платформ нь үүлэн тооцооллын чиглэлээр яах аргагүй тэргүүлдэг бөгөөд саналуудыг харьцуулсан нарийвчилсан дүн шинжилгээнд үндэслэсэн бол тендерийн дүн өөр гарах байсан” гэж тус компанийн мэдэгдэлд цохон дурдсан байна.
“The New York Times” сонинд мэдээлснээр, сонгон шалгаруулалтын дүнг эцсийн мөч хүртэл урьдчилсан байдлаар шийдээгүй байжээ. Эхэндээ “Amazon” ялах нь гарцаагүй байсан боловч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус корпорацын тэргүүн Жефф Безос руу дайрч давшилсан мэдэгдлийг твиттер хуудсаараа удаа дараа хийсэн байна. “Amazon” -оос бусад аль ч компанитай ашигтай гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа Трамп далдуур илэрхийлсэн гэж хэвлэлүүдэд мэдээлжээ.