Монголын Хуульчдын холбоог Б.Өнөмөнх удирдана
Монголын Хуульчдын холбооны дөрөвдүгээр их хурал энэ сарын 26-нд болж тус холбооны ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн юм.
Тус холбооны ерөнхийлөгчид Н.Ариунболд, Н.Баасанжав, Ж.Батзоригт, Б.Өнөмөнх нарын хуульч нэрээ дэвшүүлснээс олонхын саналаар Б.Өнөмөнх сонгогджээ. Ингэснээр өмгөөлөгч Б.Өнөмөнх ирэх хоёр жил Монголын хуульчдын холбоог удирдан ажиллах юм.
Тэрбээр мөрийн хөтөлбөртөө "Эе эвийг сахих", "Нийтийн оролцоог хангах", "Мэргэжлийн байх", "Нөлөө бүхий байх", "Бүтээлч байх" гэсэн үндсэн таван зарчмыг мөрдөнө хэмээн тусгажээ. Мөн хуульчдын нийтлэг эрх ашиг, сонирхлыг хамгаалан хангах, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, өөрөө удирдах ёсны жишиг болсон нөлөө бүхий байгууллага болон хөгжих бодлого, чиглэлийн хүрээнд хийгдвэл зохих ажлуудыг бүрэн хамрах зорилго тавьсан байна.