Ц.Баатархүү: Нийслэлийн Засаг даргын ажлын гүйцэтгэл тун хангалтгүй байна

НИТХ-ын хуралдаан өчигдөр болж, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Энэ хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн төлөвлөгөөний биелэлт”-ийг үр дүнтэй хэмээн дүгнэж, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг батлах тогтоолын төслийг санал хураалтад оролцсон нийт төлөөлөгчдийн 63.6 хувь нь дэмжсэн юм.
Ингээд НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлтийг тус бүлгийн дарга Ц.Баатархүүгээс “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2019 онд хөгжүүлэх үндсэн төлөвлөгөөний биелэлт”-ийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-2019 оны үндсэн чиглэлийн биелэлтийг тэргүүлэгчдийн зүгээс 80 хувьтай гэж гаргасан байсан. Харин бодит байдал дээр хувь арай өөр гараад байгаа юм шиг байна. Энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улсын хуулийн дагуу нийслэлийн Иргэдийн хурал нутгийн удирдах байгууллага нийслэлийн Засаг даргын 2019 оны ажил тайланд үнэлэлт өгнө. 2019 онд нийслэлчүүдийн ажил амьдрал хэрхэн сайжирч, шинээр ямар бүтээн байгуулалт хийгдсэн бэ гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. 2016 онд нийслэлийн Засаг дарга төсвийн мөнгөөр шөнийн гудамжийг тохижуулсан. Дараагийн Засаг дарга нийслэлчүүдийн төсвийн мөнгөөр тухайн шөнийн гудамжийг татан буулгасан. Шинээр юу хийж байгаа вэ гэдэг дээр нийслэлчүүд бүгд дүгнэж байгаа. Энэ жилийн өргөн барьж хэлэлцүүлж байгаа ажлын гүйцэтгэлийг 80 хувьтай байна гэж дүгнэсэн. 2017 оны ажлын гүйцэтгэл 88 хувьтай, 2018 оны ажлын гүйцэтгэл 86.7 хувьтай, 2019 оны ажлын гүйцэтгэл 80 хувьд дөнгөж хүрч байгаа ажлын гүйцэтгэлийг оруулж ирж байна. Гэтэл бодит байдал үүнийг нийслэлийн Иргэдийн хурлынхан тооцоод үзвэл 80 хувь байтугай 40 хувь хүрэхээргүй ажлын гүйцэтгэлтэй байна. Иймээс нийслэлийн Иргэдийн хурал дахь АН-ын бүлэг нийслэлийн Засаг даргын ажлын гүйцэтгэлийг тун хангалтгүй байна гэсэн дүгнэлтийг өгч байна.
-Яагаад?
-“Улаанбаатар такси” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэх ажлын хэрэгжилт 40-50 хувьтай тавьсан байна. Бүтэн нэг жилийн хугацаанд Авто тээврийн үндэсний төвийн менежер Сайнбаяртай мэдээлэл солилцсон учир ажлын гүйцэтгэл 40 хувь болсон гэж дүгнээд байгаа юм. Гэтэл өөрсдийнхөө ажлыг нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрүүд 70-80 хувийн биелэлттэй байна. Үүнийг хяналт мониторингийн хэлтэс дүгнээд үзэхэд 30-35 хувийн биелэлтэй байгаа. Өргөн барьсан ажлын гүйцэтгэл тоо баримтаар нийслэлчүүдийг хуурч байна. Иргэдийн амьдрал болон нийслэлийн өрх болгонд эдийн засгийн өсөлт гэдэг хөтөлбөр 83 хувьтай биелсэн байна гээд байгаа. Харин статистик тоо харахаар иргэд зээлээс зээлийн хороонд, амьдралын сайжраагүй байдалтай байхад худлаа тоо өргөн барьсан байна.
-Нийслэлийн төсвийн мөнгө бүтээн байгуулалтын ажилдаа хүрэлцсэн болов уу?
-2019 онд Улаанбаатар хотод анх удаагаа нэг их наяд төсөвтэй болсон. Дүүргүүдтэйгээ нийлээд хамгийн их төсөв баталсан. Нийслэлийн удирдлагууд төсөвт мөнгөөр дутаагүй. Харин менежмент болон ажлын арга барилаар дутаж байна. Одоогийн Засаг дарга ажлаа аваад 12 агентлагийн даргыг сольсон. Нэр сольсноос болж тухайн агентлагиудын ажлыг нэг сараар татсан. Тамга, албан бланк, хаяг солигдсон. Энэ бүхэнд төсвийн мөнгийг үрсэн. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд баталсан төсвийг задаргааг хийхгүй явсаар байж зарим төсвийн задаргааг долоо, наймдугаар сард хийсэн. Уг нь хоёрдугаар сард төсвийн задаргааг хийгээд дөрөвдүгээр сарын 15 гэхэд газар шороо, бүтээн байгуулалтын ажил хийгдэх ёстой. Гэтэл авто зам арчлалтын төсвийг наймдугаар сарын сүүлчээр задалж есдүгээр сар гарч авто замын арчлалтын ажил эхэлсэн. Дулааны улиралд хийгдээгүй. Энэ ажил зохион байгуулалтын алдаа болж ажил 3-4 сарын хугацаагаар хойшилсон.
-Ирэх 2020 оны төсөв хэдийгээр өргөн баригдахаар байна вэ?
-2020 улсын төсөв батлагдаагүй байгаа учраас тойм хэлэхэд хэцүү байна. Гэхдээ нийслэлд хийх хөрөнгө оруулалтын төсвийг Засгийн газраас нэлээд багасгаж оруулж ирж байгаа гэсэн.
эх сурвалж: medee.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ