Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны 7000 гаруй иргэн жишиг өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэх боломжтой боллоо


Арга хэмжээний нээлтийн үеэр Эрүүл мэндийн Дэд сайд Ш.Анхмаа Чингэлтэй дүүрэг эрүүл мэндийн салбарыг онцгойлон анхаарч ажилладагт таатай байна гэдгийг хэлээд “Чин хүслэн” ӨЭМТ-ийн хамт олонд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Чингэлтэй дүүргийн Нутгийн захиргааны байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах олон бүтээлч зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ жил гэхэд 13, 14, 17 дугаар хороод жишиг ӨЭМТ-тэй болсон бөгөөд зөвшөөрөлгүй баригдсан граж, барилга байгууламжийг буулган газар албадан чөлөөлж 1, 2, 3 дугаар хороодын иргэдэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх жишиг ӨЭМТ-ийн бүтээн байгуулалтын ажлыг хийж байна” гэдгийг онцолсон юм.

Шинэхэн байрандаа орсон дүүргийн 14 дүгээр хорооны “Чин хүслэн” жишиг ӨЭМТ-нь 4 их эмч, 5 сувилагч нийт 14 эмч, эмнэлгийн ажилтантайгаар хорооныхоо 7000 гаруй иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэх юм.



