"Үнэт зүйл, зарчим бол нийгмийн хөгжлийн үндэс суурь"

Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүн, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатартай ярилцлаа. Тэрбээр прогрессив үзэлтэй цөөхөн улс төрчдийн нэг төдийгүй, эв нэгдэл, шударга ёс, тэгш байдлыг сурталчилдаг залуучуудын нэг юм. Тиймээс түүнтэй социал демократ үзэл, түүний дэвшилтэт үзэл болох прогрессив үзлийн талаар, мөн үнэт зүйл, зарчмынх нь талаар ярилцсан юм.

-Эв нэгдэл, шударга ёс, тэгш байдал гэсэн үгсийг сурталчилж явахыг тань сошиалыг тань дагадаг хүний хувьд нэлээд хардаг юм. Ингэхэд таны улс төрийн үзэл баримтлал юу вэ?-Энэ үгс гэхээсээ илүүтэй үзэл баримтлал, үнэт зүйл, зарчим юм. Аливаа улс төрч өөрийн гэсэн үнэт зүйлтэй, зарчим, нийгмийн хөгжлийг харах бодлого, идеологитай байх учиртай. Тэгж байж улс орон бодлогоор өрсөлдөж, бодлого ярьж, эцсийн дүндээ хөгжлийн оновчтой шийдлийг бий болгож, нийгэм хөгждөг. Сүүлийн үед залуучуудыг цүнх баригч, үнэт зүйлгүй зарчимгүй гэх мэтээр олон янзаар хочилж, улс төрд оролцож буй залуусыг харлуулах болсон. Угтаа бол улс төрийг чи өөрийн биеэр оролцож, сайжруулж, засаж залруулахгүй юм бол харин ч хулгайч, бялдууч хүмүүс улс төрд орж, төрөөс хулгай хийх нөхцөлийг бүрдүүлнэ. Тиймээс үнэт зүйл, зарчим, улс төрийн идеологитой хүн үнэт зүйлгүй хүнээс илүүтэй нийгэмд эерэг өөрчлөлтийг авчирдаг. Үнэт зүйлгүй хүний хувьд үнэт зүйл нь мөнгө, эрх мэдэл, өөрийн хувийн амьдрал байдаг гэж би хувьдаа боддог. Миний бие Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны тэргүүний хувьд нийгмийн ардчиллын суурь зарчмуудыг нийгэмд таниулахыг үүргээ гэж хардаг. Нөгөө талаас залуу хүний хувьд нийгмийг өөрчлөх нэгээхэн хүч гэж харж байна.
-Эв нэгдэл, шударга ёс, тэгш байдал гэдэг амьдралаас хол тасарчихсан уриа лоозон биш үү?-Харин ч эсрэгээрээ өнөөгийн амьдрал, улс төр нь хаос (эмх замбараагүй), тодорхой үнэт зүйлгүйгээр 30 жил болжээ. Улс төрийн барууны нам гэж өөрсдийгөө нэрлэж буй Ардчилсан нам нь зүүний мөрийн хөтөлбөр дэвшүүлээд явж байгаа нь үүний хамгийн тод жишээ юм. Тэгш байдлаас жишээ авч, ярилцъя л даа. Өнгөрсөн 30 жил бид ижил түвшний гараанаас боловсрол эзэмшсэнгүй, боломжтой айлын хүүхдүүд төрөөд л өндөр төлбөртэй цэцэрлэгт хамрагдаж, багаасаа өндөр боловсрол эзэмшиж байна. Гэтэл жирийн айлын хүүхдүүдэд тийм боломж алга. Өндөр боловсролтой хүнд илүү боломж ирнэ. Тэгэхээр энэ бол шударга бус байдлыг бий болгож байгаа юм. Баячуудын хүүхдүүд баян болж, эмзэг бүлгийн, жирийн иргэдийн хүүхдүүд хичнээн хичээгээд ч нийгэмд сайн сайхан амьдрах боломж нь бага олдож байна. Энэ бол нийгэм шударга бус байгаагийн илрэл юм. Асуудал нь Кембриждээ байгаа юм биш. Баячуудын хүүхдүүдийн өндөр төлбөр төлж сураад байгаа хөтөлбөрийг жирийн иргэдэд ч гэсэн олгодог байх тухай юм.
Миний амьдардаг Сонгонохайрхан дүүргийн иргэн, Улаанчулуут дээр өсч буй хүүхэд яагаад өндөр боловсрол эзэмших боломжгүй байгаа юм. Тиймээс гарааны тэгш боломж олгох үүднээс л яригдаж буй асуудал.
Монгол Улс боловсролын салбарын тэгш хүртээмж байхгүй байж яагаад кембриж яриад яваад байгаа юм бэ гэж хүмүүс ярьдаг. Манай Сонгинохайрхан дүүргийн хувьд боловсролын салбарын хүртээмжийн асуудлыг бүрэн шийдсэн. Харин одоо чанар, мөн гарааны тэгш боломжийг олгох нь чухал байна. Эрүүл мэндийн салбарын хувьд ч баячуудын үр хүүхдүүд хувийн эмнэлэгт эрүүл мэндийн үйлчилгээ авч байхад жирийн иргэд өрхийн эмнэлэгт анхан шатны шинжилгээ өгөх ч боломжгүй байна шүү дээ. Дүүргийн эмнэлэгт өгөхөөр хэдэн арван хоногоор хүлээх шаардлагатай болдог байх жишээтэй. Тэгэхээр боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал буюу цагдаагийн үйлчилгээг аль болох хүртээмжтэй болгох нь төрийн үүрэг гэж би хувьдаа хардаг. Тиймээс ч нийгэмд байгаа энэ тэгш бус байдлыг өөрчлөх шаардлагатай гэж харж байгаа. Энэ үүднээсээ таны хэлсэн шиг тэгш байдал гэдэг бол амьдралаас хол биш харин ч яг амьдралаас урган гарч буй зарчим юм. Тиймээс дахиад хэлье, би боловсролын тэгш байдал, эрүүл мэндийн тэгш байдлын тухай гол бодлогоо явуулна. Гарааны тэгш боломж, тэгш байдлын зарчмын үүднээс асуудалд байнга хандана.
-Шударга ёсны тухайд таны бодлыг сонирхоё?-Татварын хувьд нэг зүйл байгаа юм. Сарын 1 сая төгрөгийн орлоготой хүнээс 10 хувийн татвар авах нь тухайн хүнд маш хэцүү, өдөр тутмын амьдралд нь шууд нөлөө үзүүлнэ. Учир нь 1 сая төгрөгийн орлоготой хүний амьдралын өртгийн хувьд 10 хувь гэдэг бол маш өндөр дүн. Гэтэл сарын 100 сая төгрөгийн орлоготой хүн байна. Түүний хувьд 10 хувь гэдэг бол амьдралын өртөг, зардлын хувьд төдийлөн нөлөөлөхгүй. Тиймээс Монгол Улс шаталсан татварын систем буюу прогрессив татварын тогтолцоотой болох ёстой гэж би хувьдаа хардаг. Энэ бол шударга ёс. Нийгмийн баялгийн ихэнхийг өмч хувьчлал, 1990 оны үеийн мэдээлэлд ойр байдлаа ашиглан эзэмшчихээд яг адилхан татвар төлнө гэдэг бол шударга бус байна гэж харж байгаа. Өнөөдөр ч бодит байдал дээр мэдээлэлд ойр байдаг хүмүүс баялгийн хуваарилалтыг түрүүлж хүртдэг шударга бус тогтолцоо байна шүү дээ.
Нөгөө талаар шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчим алдагдаж байгаа. Хууль зүйн салбарт шударга ёсыг тогтоох чиглэлд мөн анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай.
Шударга ёсны тухайд прогрессив үзэл баримтлал болон социал демократ үзэл баримтлалын хувьд эмэгтэйчүүдийн эрх, үеүд хоорондын шударга ёс бол тулгуур үнэт зүйлсийн нэг. Өнөөдөр хуулиар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж буй мэт мөртлөө эмэгтэйчүүдийн эрхийг хөндөж буй асуудлууд байна. Жишээ нь, хүүхэд төрүүлсэн бол ажилласан жилийг 1.5 дахин бодох, хүүхэд асрах чөлөөг эмэгтэйчүүдэд олгох гэх мэт. Гэтэл эдгээр заалтууд нь эсрэгээрээ эмэгтэйчүүдийн ажилгүйдлийг нэмэгдүүлж байна. Скандинавын улс орнуудад хүүхэд асрах бол эрх биш үүрэг болдог. Энэ утгаа эх хүүхдээ зургаан сар хүртэл асрах чөлөөг авдаг бол эцэг дараагийн зургаан сар авах үүрэг хүлээдэг. Ингэснээр эмэгтэйчүүдийн бүтцийн ажилгүйдэл багасдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар монгол эмэгтэйчүүдийн ажилгүйдэл эрэгтэйчүүдийнхээс 1.5 функцээр илүү байгаа нь үүнтэй холбоотой гэж харж байгаа. Үүний дараагаар хүүхдийн асрамжийн мөнгөний асуудал байна. Хуулиар гэр бүл салахад хүүхдийн тэтгэлгийн мөнгө нь амжиргааны түвшний 50 хувьтай тэнцэх хэмжээтэй байдаг нь шударга бус санагддаг. Жилийн тэрбум төгрөгийн орлоготой хүн хүүхдийн тэтгэлэгт сард 100 мянган төгрөг өгөх хуультай шүү дээ, Монголд.
Өнөөдөр улсын хэмжээнд өрх толгойлсон 80 мянган эмэгтэй, 16 хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлгүй 20 мянган эмэгтэй амьдарч байна. Хүүхдээ цэцэрлэгт өгч чадаагүй, хүүхдийг нь харах хүнгүй бол ажил хийх боломж олдохгүй. Энэ нь ажилгүйдэл ихэсч байгаагийн шалтгаан болж байгаа юм. Нөгөө хүүхдийн тэтгэмжийн мөнгө нь төлбөртэй цэцэрлэгт явуулъя хүрэхгүй учраас эмэгтэйчүүд хохирч үлдэж байгаа юм. Иймд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр би хэд хэдэн ажил санаачилж, эхлүүлсэн. Нийслэлийн НАМЗХ-ны өнөөг хүртэлх түүхэнд байгаагүй өөрчлөлт хийж, олон тооны эмэгтэйг Тэргүүлэгчээр сонгон, холбооны дэргэд Эмэгтэйчүүдийн зөвлөл байгууллаа. Үүнээс гадна үеүд хоорондын шударга ёс байна.
Бид ирээдүй хойч үедээ дааж баршгүй өр үлдээж болохгүй. Өмнөх үе нь дараагийн үеийнхээ сайн сайхан байдалд саад болно гэдэг бол шударга бус. Тиймээс ч прогрессив үзлийн суурь зарчим болох үеүд хоорондын шударга ёсыг бид ярих цаг болсон гэж хувьдаа боддог.
-Эв нэгдэл гэхээр мөн л уриа лоозон шиг байгаа юм. Өнөөгийн улс төрчид бүгд л эв нэгдэл, хамтын чармайлтын талаар ярьдаг шүү дээ. Таны дэвшүүлж буй санаа ямар ялгаатай юм бэ?
-Эв санааны нэгдэлгүй байгаагийн хамгийн том илрэлийг бид саяхан тэнгэрт заларсан 9 настай хүүхдийн гэр бүлийн хүчирхийллийн жишээнээс харж байна шүү дээ. Миний хүүхэд биш л бол яах вэ. Хэнд хамаатай юм гэдэг байдлаар хандсанаас болж 9 настай хүүхэд амиа алдлаа. Хөршүүд нь хүчирхийллийн талаар хуулийн байгууллагад мэдэгдсэн бол охиныг аварч болох байлаа. Бид нэг л нийгэмд амьдарч, нийгмийг бид өөрсдөө бүрдүүлж байгаа юм. Гэтэл бид бүхнийг АН, МАН гэж хараад сурчихжээ. Бодит үнэн ганц л бий. Бодит хөгжлийн шийдэл нэг л бий. Тиймээс төрийн бодлогыг орон нутаг, дүүрэг, хорооны түвшинд нэг харах өнцгөөр, нэг бодлогоор хэрэгжүүлэх нь маш чухал байна.
-Үнэт зүйл, зарчим үүнтэй яаж холбогдох юм бэ?
-Үнэт зүйл зарчим гэдэг бол асуудалд илүү бодитой хандаж байна гэсэн үг. Яг юуг хийх гээд, ямар үр дүнд хүрэх гээд байгаа нь үзэл баримтлалаар тодорхойлогдож байна гэсэн үг. Нийгмийн бодит байдал, зүй тогтлыг онолын үүднээс тайлбарлаж, дүн шинжилгээ хийж, түүндээ тохирсон бодлого баримтлана гэдэг бол хөгжлийн үндэс суурь юм. Зарчимгүй хүн л худал ярьж, хулгай хийдэг. Зарчимд нүд чих гэж байхгүй. Хэн нэгнийг ялгахгүй. Зарчимтай хүн өөртөө ч, бусдад ч шударга ханддаг. Бидний гол хямрал бол зарчмын хямрал. Нэг үеэ бодвол залуучууд боловсрол эзэмшсэн үү эзэмшсэн, номын дуу сонссон уу сонссон. Гэхдээ бид зарчмын хямралд орчихсон байна. Тиймээс л зарчим, үзэл баримтлалыг гол тугаа болгож, залуучуудаа уриалан дуудаж буй бас нэг хэрэг юм.
Нөгөө талаар илүү дэвшилтэт, прогрессив үзэл баримтлалыг түгээх цаг болжээ гэж харж байгаа. Прогрессив үзэл баримтлал нь илүү дэвшилтэт байгаль орчин ногоон хөгжил, хөдөлмөр, халамжийн төр, дээр нь социал демократ үзлийн суурь зарчмуудыг илүү дэвшилтэт хүрээнд ярьж буй нь ололттой тал юм. Бид тодорхой хөгжлийн бодлого, зарчимгүйгээр 30 жил явж ирлээ.
Одоо дараагийн дэвшил рүүгээ явах цаг болсон гэж харж байгаа тул улс төрд зарчмын мэтгэлцээн хийдэг, үзэл баримтлал ярьдаг соёлыг түгээнэ гэж бодож байна.
-Та Монгол Ардын Намын УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр нь зарчим, үзэл баримтлал нь тусгагдсан гэж боддог уу?
-Тэгэлгүй яах вэ. Манай нам бол социал демократ үзэл баримтлалтай, зүүн төвийн нам. Зүүний үзэл баримтлал welfare state болон прогрессив бодлогыг мөрийн хөтөлбөртөө тусган УИХ-ын сонгуульд оролцсон. Тиймээс яг цав нийцэж байгаа гэсэн үг. Жишээ нь, хувийн тэтгэврийн сан байна. Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль бол миний түрүүний ярьсан үеүд хоорондын шударга ёсны зарчмын үүднээс асуудалд хандаж буй нэг илрэл нь шүү дээ. 2016-2020 оны сонгуульд МАН боловсролын салбарын тэгш хүртээмжийн талаар мөрийн хөтөлбөр дэвшүүлж, хэрэгжүүлсэн. Жишээ нь, миний амьдардаг Сонгинохайрхан дүүргийн хувьд боловсролын хүртээмжийн асуудлыг бүрэн шийдсэн. Одоо МАН-ын дараагийн хөтөлбөр бол түрүүний ярьсан гарааны тэгш боломжийг аль болох тэгш олгох үүднээс боловсролын чанарын асуудлыг дэвшүүлж гаргаж байгаа юм. Орос гуравдугаар сургуульд амьдралын боломж сайтай айлын хүүхдүүд явдаг. Кембрижийн хөтөлбөртэй сургуулиудад ч мөн адил боломжтой айлын хүүхдүүд л явдаг. Яагаад жирийн Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх, алслагдмал Багануур дүүргийн хүүхэд өндөр боловсролын чанарыг хүртэж болохгүй байгаа юм бэ. Энэ ч үүднээс гарааны тэгш боломж олгох зарчмыг хэрэгжүүлэх үүднээс дээрх бодлогыг дэвшүүлэн гаргаж байгаа юм. Хэрэгжих ч бүрэн боломжтой гэж харж байна.
Одоогийн бид хөгжлийнхөө дэвшилтэт тал руугаа чиглэх, тийшээ явах хэрэгтэй гэж хувьдаа харж байна. Жендэр, феминизм, ЛГБТ, мөн байгаль орчин ногоон хөгжил, боломжийн тэгш байдал гэх мэт хөгжиж буй улс орнуудын баримталдаг зарчим, хандлага руу орохгүй хэдий болтол зарчимгүй, гал унтраах байдлаар хөгжлийн боломжоо тодорхойлох вэ. Бизнесийн салбарууд өнөөдөр гэхэд бүгд экологид ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэл, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартуудыг нэвтрүүлээд эхэлчихлээ. Тиймээс төрийн байгууллагууд, улс төрийн намууд ч гэсэн үйл ажиллагаандаа дээрх дэвшилтэт үзэл санааг баримтлах нь зүйтэй гэж үзэж байна.
-Та улс төрийн энэ үзэл баримтлал, зарчмаа өнгөрсөн хугацааны ажилдаа хэрэгжүүлж чадсан уу?
-Миний хувьд дээрх зарчмыг Нийслэлийн НАМЗХ-нд бүрэн хэрэгжүүлж байгаа. Жендэрийн тэгш байдлын хувьд, хүйсийн шударга ёс, үе хоорондын шударга ёсны хувьд ч хангаж ажиллаж ирсэн гэж боддог. Тухайлбал, нийслэлийн бүх дүүргийн НАМЗХ-ны Тэргүүлэгчид эмэгтэйчүүдийн квотоо хатуу барих, Нийслэлийн НАМЗХ эмэгтэйчүүдийн хамгийн өндөр тоогоор Тэргүүлэгчээр сонгосон байгаа. Нөгөө талаар өмнөх үеийнхээ зөв бодлогыг үргэлжлүүлэх, дараагийн үедээ өр үлдээх, хөгжилд саад болохгүй байх үүднээс алсын хараагаа зөв тодорхойлж, үйл ажиллагаандаа дээрх зарчмыг баримталж байгаа гэж хэлж болно. Улс төрийн үзэл баримтлал гэдэг бол тухайн хүний дотоод итгэл, үнэмшил болохоос биш гоёл чимэглэл төдий реклам биш ээ. Нэг өдөр нь консерватив үзэлтэй гээд, өөр нэг өдөр социол демократ үзэлтэй гээд байж болохгүй. Тэр бол жинхэнэ цүнх баригч нарын хийдэг ажил юм. Улс төрийн үзэл баримтлал гэдэг бол итгэл үнэмшил юм. Итгэл үнэмшил гэдэг бол үйл ажиллагаа, амьдралд нь мөр үлдэж явдаг зүйл шүү дээ. Тиймээс ч би улс төрийн үзэл баримтлалтай гэх залуучуудын үйл хэргийг нь түлхүү харахыг хичээдэг. Мэдээж хүн бүр улс төрийн үзэл баримтлал, итгэл үнэмшилтэй байхгүй. Ядаж л 100 жилийн түүхтэй МАН-д элсэж буй залуучуудаа үзэл баримтлал, итгэл үнэмшлийг нь төлөвшүүлэх ажлыг би нэн тэргүүнд чухалчилж байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ