Баяжуулах үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд сард 2,7 тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдүүлжээ
Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Үйлдвэрийн хэмжээнд өнгөрсөн 7 хоногт хийж гүйцэтгэсэн ажлуудаа ярилцаж, тулгарч байгаа асуудлаа хэлэлцэн, цаашид авах арга хэмжээгээ тодорхойлдог удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний эхэнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Д.Мөнхболд тайлант хугацаанд хэвийн ажилласан талаар мэдээлэл хийлээ. Тус хэлтсээс 125 ажилтныг сургалтад хамруулж, ХАБЭА-н чиглэлээр 47, эрүүл ахуйн чиглэлээр 50, цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр 23, нийт 120 ажил төлөвлөн хэрэгжүүлжээ. Мөн ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцас нөөцөд хангалттай байгааг онцоллоо.
Ил уурхайн Тэсрэх бодисын үйлдвэрт металл багана босгох ажил хийгдэж байгаа бол Дулааны цахилгаан станц Шарын голын уурхайгаас нүүрсний татан авалтаа хийж, 5-р зуухны их засварын ажлыг 50 хувийн гүйцэтгэлтэй хийсэн талаар мэдээллээ. Баяжуулах үйлдвэрт технологийн процесс хэвийн, ММС-1 тээрмийг солих ажил үргэлжилж байна. Тээрмийг солих хугацаанд Баяжуулах үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд уян схем зохиож, туршилтаар баталгаажуулж, ажилд оруулжээ. Ингэснээр сардаа 2,7 тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлээд байгаа юм. Схемийг залган ажиллуулж эхэлснээс хойш ММС-1 тээрмийн ачаалал нэг цагт 100 тонноор нэмэгдсэн байна. Энэ нь хамгийн бага тооцоолол бөгөөд цаашид 150 тоннд хүргэх бололцоог судалж байгаа талаар мэдээллээ. Инновацийн төсөлд бүртгүүлэх энэхүү уян схемийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд ур чадвар гарган, санал санаачилгатай ажилласан Баяжуулах үйлдвэрийн технологичид, инженер техникийн ажилтнуудад Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх тусгайлан баяр хүргэлээ.
Цахилгааны цехийн инженерүүд Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөлтгөлийн ажилд шаардлагатай цахилгааны трансформатор суурилуулах ажлыг өнгөрсөн 7 хоногт хийсэн бол Тээвэр ложистикийн төвийнхөн тус бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх ажлыг гүйцэтгэжээ. Эрчим хүчний хэлтсийн үйл ажиллагаатай холбогдуулан усны үнэ тарифын асуудлаар Булган аймгийн Татварын хэлтсээс мэргэжилтнүүд ирж ажилласан байна. Түүнчлэн Барилга байгууламж, хяналт төлөвлөлтийн хэлтэс үйлдвэрийн хэмжээнд хийгдэж байгаа 96 ажилд хяналт тавин ажиллажээ. Өнөөдрийн байдлаар Үйлдвэрлэлийн хэлтэс, Автотээврийн цех, Цахилгааны цех, Ган бөөрөнцгийн цех намар, өвлийн бэлтгэл ажлаа бүрэн хангасан байна.
2017-2020 онд Эрдэнэтийн-Овоо ордын нөөц баялгийг шинэчлэн тогтоохоор томоохон шат дараатай ажлууд хийгдсэн. Ордын нөөц баялгийг жорк стандартад хөрвүүлэх, нөөц баялгийг нэмэгдүүлэхтэй холбогдуулан энэ сарын 13, 14-ний өдөр “Эрдэнэтийн хүдрийн дүүргийн нөөц баялаг ба хэтийн төлөв” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Геологи маркшейдерийн хэлтэс болон холбогдох бүтцийн нэгжүүд ажиллаж байна.
Эрдэнэт үйлдвэр оны эхний 10 сарын байдлаар үйлдвэрийн төлөвлөгөөт үзүүлэлтээ биелүүлж, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр төлөвлөсөн ажлуудаа амжилттай биелүүлж байна.