Нийслэлийн 206 мянган өрхөд сайжруулсан түлш авах карт тараажээ

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэр дээр ажиллаж, түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын ажилтай өчигдөр буюу энэ сарын 3-нд танилцлаа.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлж байгаа гэр хорооллын 220 мянга гаруй айл өрх жилд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг бөгөөд үүнийг сайжруулсан шахмал түлшээр орлуулж, агаарын бохирдлыг 50 хувиар бууруулах тооцооллыг Засгийн газар гарган хэрэгжүүлж буй юм. Иргэд нэг шуудай шахмал түлшийг 3750 төгрөгөөр худалдан авч байгаа бөгөөд нэг тоннынх нь үнэ 150 мянган төгрөг байгаа юм. Судалгаанаас харахад, нийт хэрэглэж байгаа түлшний 29 хувийг Сонгинохайрхан дүүрэг, 28 хувийг Баянзүрх дүүрэг, 16 хувийг Чингэлтэй дүүрэг, 12 хувийг Хан-Уул дүүрэг, есөн хувийг Сүхбаатар дүүрэг, зургаан хувийг Баянгол дүүргийн иргэд хэрэглэж байна.
Сайжруулсан шахмал түлшний хэрэглээг хянах, судалгаа гаргах зорилгоор энэ оны есдүгээр сараас шахмал түлшийг картаар олгож эхэлсэн. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригийн мэдээлснээр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт сайжруулсан түлш авах 206 мянга 251 картыг айл өрхүүдэд тараажээ. Өнгөрсөн сард уг картаар 106 мянга 31 иргэн түлш худалдан авчжээ.
Агаарын бохирдлыг бууруулах дунд, богино хугацааны хамгийн зөв шийдэл сайжруулсан шахмал түлш бөгөөд цаашид Европ стандарт нэвтрүүлсэн жижиг үйлдвэрүүд байгуулж, аймаг бүрт түгээх хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлэв.
“Таван толгой түлш” ХХК 24 цагаар тасралтгүй ажиллаж, үйлдвэрийн 8 шугамаар өдөрт 3000 тонн түлш үйлдвэрлэдэг байна. Нийслэлийнхэний нэг өдрийн хэрэглээ 2500 тонн бөгөөд удахгүй дахин 2 шугам ашиглалтад оруулж, нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөж буйг тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар онцоллоо.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ