Нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоо 87 хувиар буурчээ
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 26 мянга гаруй албан хаагчид коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Нийслэлийн онцгой штабаас өчигдөр /2020.11.18/ зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар танилцууллаа.
НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “Нийслэлийн хэмжээнд 102 цэгт түргэвчилсэн оношлуураар коронавирусийн шинжилгээ авч байна. Өчигдрийн байдлаар 3386 иргэнийг шинжилгээнд хамруулсан. Энэ шинжилгээгээр 10 хүн эерэг үзүүлэлттэй гарсан. Харин энэхүү хүмүүсийн шинжилгээг PCR шинжилгээгээр баталгаажуулахад сөрөг гарав. Мөн нийслэлийн хэмжээнд өнөөдрийн 14:00 цагийн байдлаар 14 байршилд 50.3 тонн нөөцийн мах нийлүүлж худалдан, борлуулах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдөр байдлаар /2020.11.19/ нийтийн тээрийн үйлчилгээний 92 чиглэлд 870 тээврийн хэрэгсэлд 47726 хүн зорчсон байна. Нийтийн тээврийн ариутгал, халдваргүйтэлийг эцсийн цэгүүд дээр өдөр бүх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдтэй хамтран хийж байгаа. Мөн өчигдөр /2020.11.18/ Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 1765 хүн нэвтэрч 1926 хүн хотоос гарсан байна. Товчоогоор нэвтэрч буй иргэдийг эрүүл мэндийн асуумж, судалгаанд тогтмол хамруулж байгаа. Нийслэлийн хэмжээнд оюутны байрнуудад ариутгал, халдваргүйтэлийг хийж есөн дотуур байрны 15 мкв талбайд халдваргүйжүүлсэн. Бид иргэдийн санал, гомдлыг Нийслэлийн шуурхай штабын 324207, 321731 дугаарт өдөр бүр хүлээн авч байна” хэмээлээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр нийслэлийн хэмжээд 60-80 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан бол ажлын өдрүүдээр энэхүү тээврийн хэрэгслийн тоо өсөж 100 мянга хүрчээ. Харин Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийснээр хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо 45 мянгад хүрч, хөдөлгөөнийг 87 хувиар бууруулсан байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС