БНСУ-ын эмнэлэгт 60 хувийн хөнгөлөлттэй үнээр шинжилгээнд хамрагдах эрхтэй боллоо

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ажилтан, албан хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүд БНСУ-ын тэргүүлэх зэргийн Сонму эмнэлэгт 60 хувийн хөнгөлөлттэй үнээр бүтэн биеийн шинжилгээнд хамрагдах эрхтэй боллоо.
Тодруулбал, компанийн захиргаанаас ажилтан, албан хаагчид болон гэр бүлийнх нь гишүүдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор БНСУ-ын Инчон хотын Сонму эмнэлэг болон аялал жуулчлалын ЭОМЭН компанитай хамтран ажиллах санамж бичгийг саяхан байгуулаад ирлээ. Санамж бичгийн хүрээнд зөвхөн манай компанийн ажилтнууд хамт олноороо болон гэр бүлийн гишүүдийн хамт тус эмнэлгийн бүтэн биеийн шинжилгээнд хамрагдангаа Инчон, Сунду, Сөүл хоттой танилцах тав хоногийн аялалд хамрагдах боломж бүрдэж байна. Энэ аяллын зардал нь онгоцны тийз, шинжилгээний багцаас хамааран хэлбэлзэх ба аяллын даатгал, гурван одтой буудал, хоол, унаа, эмнэлгийн чиглэлээр мэргэшсэн орчуулагч хөтөч, аялал багтаад 2500,000 /хоёр сая таван зуун  мянга/ орчим төгрөг болно. БНСУ-д зорчих виза мэдүүлэхэд аялал жуулчлалын ЭОМЭН компани арга зүйн зөвлөгөө өгч ажиллана. 
Найрсаг хамтын ажиллагааг эхлүүлж тус эмнэлгээс манай компанийн нэг ажилтны гэр бүлд гар сарвууны наалдацтай гэсэн оноштой, мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай хүүхэд байвал үнэ төлбөргүй хийж өгөх амлалт өгсөн юм. Энэ дагуу нийт долоон ажилтнаас хүсэлт ирүүлснийг Сонму эмнэлэгт илгээсэн бөгөөд тус эмнэлгээс манай компанийн туршилт тохируулгын инженер Ш.Шинэбилэгийн ой хоёр сартай хүү Ш.Соджавхланд шаардлагатай мэс заслын эмчилгээг хийхээр сонгосон. Ш.Соджавхлан хүү асран хамгаалагчийн хамт арваннэгдүгээр сарын 17-23-ны өдрийн хооронд эмнэлгийн зардлаар тус улсад очиж, биеийн бүтэн шинжилгээнд хамрагдан нэг жилийн дараа хагалгаандаа орох эрхийн бичгээ гардаад ирсэн. Инчон хотын Католик их сургуулийн дэргэдэх Гэгээн Мария буюу Сонму эмнэлэг нь гурав дахь шатлалын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд азид ганцхан байдаг шинжилгээ, туяа шарлагын эмчилгээг давхар хийдэг өндөр технологийн MRI аппарат бүхий улсдаа томоохонд ордог эмнэлэг юм.
Компанийн удирдлагууд тус эмнэлэгтэй цаашид хөнгөлөлттэй үнийн шинжилгээний багцыг нэмэгдүүлэх, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн болоод бусад эмчилгээ үйлчилгээний төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжийг эрэлхийлэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ажиллаж байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх