Дотуур байранд амьдарч байгаа оюутнуудыг орон нутаг руу нь буцааж эхэллээ

Бүх нийтийн бэлэн байдлын хугацаа сунгагдсантай холбогдуулан нийслэлд дотуур байранд амьдарч суралцдаг орон нутгийн оюутнуудыг “COVID-19”-ын PCR шинжилгээнд хамруулсан. Шинжилгээнд хамрагдсан оюутнуудыг өнөөдөр 10:00, 11:00, 12:00, 13:00 цагуудад халдвар хамгаалалтын дэглэмийг баримтлан, ариутгал халдваргүйтгэл хийсэн автобусаар орон нутаг руу буцаах ажлыг зохион байгуулж эхэллээ. 
Боловсрол, шинжлэх ухааны яам, их, дээд сургуулиудын зохион байгуулалтаар 2020 оны 12 дугаар сарын 9-ний өглөө гурван цэгээс 21 аймаг руу нийт 67 автобусаар эхний ээлжийн 2795 оюутныг орон нутаг руу явууллаа. Тодруулбал, Спортын төв ордны зогсоолоос Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий аймаг руу 29 автобусаар 1221 оюутан, ХААИС-ийн зогсоолоос Баян-Өлгий, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймаг руу 12 автобусаар 455 оюутан, “Скай” худалдааны төвийн зогсоолоос Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймаг руу 26 автобусаар 1119 оюутан нутаг буцаж байна. 
Дотуур байрны оюутнуудыг шинжилгээнд хамруулж, орон нутагт явуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, БШУЯ-ны газрын дарга Ч.Энх-Амгалан “БШУЯ-наас гарсан ажлын хэсэг томоохон их, дээд сургуулийн 22 дотуур байранд байгаа 20 орчим мянган оюутныг иж бүрэн шинжилгээнд хамрууллаа. Энэ хүрээнд дотуур байранд амьдарч байгаа 7000 орчим оюутныг орон нутаг руу нь буцаах ажлыг БШУЯ, ЭМЯ, Авто тээврийн үндэсний төв хамтран зохион байгуулж байна” хэмээлээ. 
Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос “Бид гурван цэг дээрээс оюутнуудыг орон нутаг руу явуулах ажлыг зохион байгуулж байна. Оюутнуудад ойр байдлаар Спортын төв ордон, Скай худалдааны төв, ХААИС-ийн зогсоолыг сонгосон байгаа. Авто тээврийн үндэсний төвтэй гэрээтэй 1260 орчим жолооч бий. Эдгээр жолооч нар бүгд “COVID-19”-ын PCR шинжилгээнд хамрагдсан бөгөөд нэг автобусанд хоёр жолооч ажиллаж байна. Хот хоорондын автобусны тасалбарын үнэд ямар нэг өөрчлөлт ороогүй, хуучин тарифаар мөрдөгдөж байгаа” гэв. 
БШУЯ-ны зүгээс орон нутгаас нийслэлд айлаар болон байр түрээслэн амьдардаг, дотуур байранд суудаг оюутнуудаас эхлэн шинжилгээнд хамруулсан. Шинжилгээнд хамрагдсан, дотуур байранд амьдардаг буцах хүсэлтээ ирүүлсэн оюутнуудыг ийнхүү нэгдсэн зохион байгуулалтаар орон нутаг руу явуулж байна.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ