“Ковид-19” халдварын эрсдлийг бууруулах зорилгоор нийслэлийн 935 байгууллага хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудтай цахимаар албан бичиг солилцохоор боллоо
Нийслэлийн Онцгой комиссоос Коронавируст /Ковид-19/-ын халдварт цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах ажлын хүрээнд олон ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Тухайлбал, 2020 оны 5 дугаар сараас эхлэн хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудаас нийслэлийн бүх шатны байгууллагуудад хандсан албан бичгээ https://smartoffice.mn/ системээр дамжуулан цахим хэлбэрээр илгээж, хариугаа мөн тухайн системдээ хүлээн авах боломжтой болсон юм.
Тэгвэл өндөржүүлсэн онцгой нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Нийслэлийн Архивын газраас хамтран цахим албан бичиг солилцох хялбаршуулсан бүртгэлийн “Түр бүртгэл (Ковид-19)” цэсийг дээрх системд 2020 оны 12-р сарын 10-ны өдрөөс эхлэн нээж байгаа бөгөөд “Түр бүртгэл (Ковид-19)” үйлчилгээг ашиглан тоон гарын үсгээ хараахан авч амжаагүй аж ахуйн нэгж байгууллагуудад систем ашиглах түр хугацааны эрх олгож, төрийн байгууллага болон системийн хэрэглэгч нийт байгууллагуудад албан бичгээ цахимаар илгээж, хариу авах боломжийг ийнхүү олгож байна.Энэхүү түр бүртгэл нь 2020 оны 12-р сарын 10-ны өдрөөс 2021 оны 02-р сарын 01-ний өдрийг хүртэл нээлттэй байх бөгөөд энэ хугацаанд түр эрх бүхий байгууллагууд нь тоон гарын үсэг авч https://smartoffice.mn систем ашиглах эрхээ баталгаажуулах шаардлагатай юм.
Иймд нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуй нэгж байгууллагуудад Коронавируст /Ковид-19/-ын халдварт цар тахлын аюулаас урьдчилан сэргийлж, биечилсэн харилцаанаас татгалзаж, цахим систем ашиглан хялбар, шуурхай аргаар албан бичгээ илгээж хэвшихийг уриалж байна.
Ингэснээр та эрсдэлээс өөрийгөө хамгаалахаас гадна цаг хугацаа, зардал хэмнэж, төрийн байгууллагуудад илгээсэн албан бичгийн шийдвэрлэлтийн явцыг байнга хянах зэрэг олон давуу талтай юм.
Тус системийг ашиглан нийслэлийн нутгийн захиргааны 935 байгууллагад албан бичиг илгээх боломжтой. Үүнд:
- Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
- Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
- Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд (34 агентлаг)
- Нийслэлийн өмчит төсөвт байгууллагууд
- Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот байгууллагууд
- Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагууд
- Төслийн нэгжүүд
- 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрууд
- 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын харьяа газар, хэлтсүүд
- Нийслэлийн 171 хороод
- Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиуд
- Нийслэлийн өмчийн цэцэрлэгүүд
НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР