Нийтийн тээврийн үйлчилгээнд автотээврийн хяналтын улсын байцаагчид хяналт тавина
Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж буй хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээ тусгай горимоор, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж бүрэн хүчин чадлаараа ажиллана.
Улмаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн хэрэгсэлд иргэд хоорондын зай барилтад хяналт тавих, зорчигчид бэлэн мөнгөөр үйлчлүүлэхгүй байх нөхцөл бүрдүүлэхтэй холбоотой мөрдөж ажиллах журам гаргалаа. Уг журмын дагуу хотын баруун, зүүн, хойд, урд, төвийн гэсэн таван бүсийн 14 цэгт автотээврийн хяналтын улсын 18 байцаагч, 50 шалгагч тогтоосон хуваарийн дагуу хяналт тавин ажиллах юм. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд зорчигчдоос бэлэн мөнгө авахгүй байх хатуу үүргийг бүх жолоочид өгч, тэдгээрт дотоодын хяналт тавих юм. Тиймээс тодорхой зогсоолууд дээр шалгагч нарыг хуваарийн дагуу Easy pay пос машин болон Hi-pay апплекэйшн бүхий гар утастай шалгагч нараар цэнэглэлт хийлгүүлэх бөгөөд энэ талаарх мэдээллийг иргэдэд олон сувгаар түгээх юм.
Түүнчлэн хязгаарлалт тогтоогоогүй 15 байгууллагын судалгааг авч, тэдгээрээс олон тоогоор нийтийн тээврээр зорчдог ажилтнууд байвал нэгдсэн зохион байгуулалттайгаар тэдгээрийн карт цэнэглэлтийг зохион байгуулахаар болжээ.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс