Архангай аймгийн Батцэнгэл сум дахь Ковид -19 халдварын голомт зогслоо
Архангай аймаг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Коронавируст халдвараар Улаанбаатар хот дахь батлагдсан тохиолдолтой ойр байсан Батцэнгэл сумын иргэн, тэдний гэр бүлийн нийт 3 хүн уг халдварт өртсөнг илрүүлэн онош баталгаажууллаа. УОК, ЭМЯ, аймгийн Шуурхай хариу арга хэмжээний баг төлөвлөлтийн дагуу хариу арга хэмжээг шуурхай, оновчтой хэрэгжүүлсний дүнд уг голомтоос сүүлийн 28 өдрийн турш шинэ тохиолдол дахин бүртгэгдээгүй тул голомт зогсоод байна.
Эхний хоёр тохиолдол эдгэрч 12 дугаар сарын 25-нд Аймгийн нэгдсэн эмнэлгээс эдгэрсэн иргэдээ татан авч, Батцэнгэл сумын Улаанчулуу багт шууд гэрт нь хүргэсэн. Гурав дахь иргэний биеийн байдал хөнгөн, эмчлэн тусгаарлах ажил үргэлжилж байна.
Тус аймгийн хувьд нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “Бид кластер голомт орон нутагт гарахад хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөлтийн дагуу Архангай аймгийн Шуурхай хариу арга хэмжээний багтай хурдтай, оновчтой хамтран ажилласны дүнд голомтыг хязгаарласан. Ойрын хавьтлыг яаралтай илрүүлэх, шинжлэх зорилгоор Ковид-19 халдварын 14 мянган ширхэг түргэвчилсэн Ag тест, мөн ЗӨСҮТ-ийн PCR шинжилгээний явуулын авто-лабораторийг 24 цагийн дотор голомтод илгээн лабораторийн нэг эмч, нэг генетикч, жолоочийн хамт 10 хоног томилон ажиллууллаа. ЭМЯ-аас нийт 90 гаруй сая төгрөгийн өртөг бүхий хамгаалах өмсгөл, эмнэлгийн хэрэгслийн хангалт, голомтод ажилласан эмнэлгийн мэргэжилтний урамшуулалд 16 сая, илүү цагийн хөлс 44 сая төгрөгийг шийдвэрлэсэн. ЭМЯ-аас эмнэлгийн тусламжийг өргөжүүлэх чиглэлд аймгийн нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат нэг, гемодиалезийн аппарат нэг, компьютер томографын аппаратаар хангаж, нэмж таван амьсгалын аппаратаар хангах ажил хийгдэж байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн Genе-Expert аппаратаар Ковид-19-г тодорхойлж байгаа бөгөөд шаардлагатай урвалж, картридж зэргээр хангаад байна. Түүнчлэн тус аймгийн нэгдсэн эмнэлэгт PCR шинжилгээний буюу молекул биологийн шинжилгээ хийх лаборатори байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна” гэлээ.
Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа “Богино хугацаанд голомтыг цомхтгоход бидэнд эрсдэлийн үнэлгээг тухай бүр хийж, тодотгосон сайн төлөвлөгөө, тохиолдлын удирдлагын тогтолцооны багаа бүрдүүлж чадавхижуулсан, үүний дүнд салбар хоорондын хамтын ажиллагаа нягтарсан нь шуурхай үр дүнтэй ажиллах үндэс болсон. Энэ зөөвөрлөгдсөн халдварын тохиолдлууд зөвхөн нэг гэр бүлийн хүрээнд бүртгэгдэн хязгаарлагдсан нь бүх нийтийн бэлэн байдлын дэглэмд шилжиж АОК болон эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, зааварчилгааны дагуу аймгийн иргэд маань гарын эрүүл ахуйг сахиж, маск зүүж байсан, батлагдсан тохиолдлууд нь ихэвчлэн гадаа задгай агаарын идэвхитэй урсгал бүхий талбайд ойрын хавьтал болсон /идэш бэлтгэх гадаа талбайд, малын бэлчээрт, гудамжинд гэх мэт/ зэрэг онцлогууд байсан. Цар тахлын голомтын цар хүрээг тогтоож, өвлийн дүн хүйтэнд, хөдөө хот айлаас хот айлын хооронд явж хариу арга хэмжээ авч, голомтот сумын бүх иргэдийг идэвхтэй илрүүлэгт шуурхай, дэглэм барьж цэгцтэй хамруулахад эмнэлгийн ажилтан бидэнд бүх түвшний хамтын ажиллагаа, дэмжлэг, зөвлөмж маш том хүч урам болсон юм. Архангай аймгийн Батцэнгэл суманд батлагдсан Ковид-19 халдварын голомтын хариу арга хэмжээг шуурхай авч цомхтгоход: Бодлогын болоод нөөц, санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлсэн Эрүүл мэндийн сайд түүний баг хамт олон, хамтарч ажилласан Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн хамт олон, голомтод томилогдон бидэнтэй мөр зэрэгцэн хамтарч ажилласан ЗӨСҮТөвийн явуулын авто лабораторийн баг, ХӨСҮТ-ийн тахвар судлаач Алтмаа, Архангай аймгийн тохиолдлын удирдлагын тогтолцооны үндсэн 4 баг, 9 бүлгийн нийт бие бүрэлдэхүүн, аймгийн ИТХ, ЗДТГ-ын хамт олондоо гүн талархал илэрхийлье” хэмээн мэдээлэлжээ.
Мөн аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 178 сая төгрөгийг шийдвэрлэж, амьсгалын аппарат 2, хүчилтөрөгч өтгөрүүлэгч 85, зайнаас халуун хэмжигч 102, пульсиоксиметр 80, дуслын ПАМП 3 болон тарианы ПАМП 8 зэрэг тоног төхөөрөмж, 104 сая төгрөгийг шийдвэрлэж, хувийн хамгаалах хувцас хэрэгслийг аймгийн Онцгой комиссоос эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилан ажилласан байна.
Хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ.
Архангай аймагт коронавируст халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал ирсэн тухай мэдээлэл 2020 оны 11 сарын 27-ны өдөр тус аймагт УОК, Тагнуулын хэлтсээс мэдээлэн ЭМЯ, холбогдох талууд мэргэжил арга зүйгээр ханган шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлсэн. Тус аймгийн Шуурхай хариу арга хэмжээний мэргэжлийн багийг 7 хүний бүрэлдэхүүнтэй 30 минутын дотор томилон гаргаж, тус суманд 2 цагийн дотор тэг зогсолт хийж, хариу арга хэмжээг шуурхай авч, сэжигтэй тохиолдол болон түүний нэн ойрын хавьтал болох 9 хүнээс сорьц авч ХӨСҮТ-ийн лабораторид хүргүүлэн PCR шинжилгээнд хамруулахад 3 тохиолдол онош батлагдаж, тэднийг Цэргийн төв эмнэлэг рүү тээвэрлэж эмчилгээнд хамруулсан.
Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтсийн мэргэжилтнүүдээс бүрдсэн Шуурхай хариу арга хэмжээний баг, тандалтын багийнхан мэдээлэл авснаас хойш 24 цагийн дотор ойрын хавьтал болох 74 хүнийг бүрэн тогтоож, тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулж, шинжилгээнд бүрэн хамруулсан. Хоёрдогч хавьтлын 869 хүнийг Өгийнуур, Батцэнгэл, Эрдэнэбулган сумдаас 48 цагийн дотор бүрэн тогтоож, гэрийн тусгаарлалтад оруулж, 72 цагт багтаан шинжилгээнд хамруулахад Ковид-19 вирусийн халдвар илрээгүй байна.
Халдварын батлагдсан тохиолдолын голомтыг өргөтгөн Батцэнгэл сумын хүн амын дунд халдварын тархалтыг тогтоох зорилгоор “Нэг иргэн-нэг шинжилгээ” идэвхитэй илрүүлэг 2020 оны 12-р сарын 02-ноос 12-р сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулж, сумын эрүүл мэндийн төвүүд, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 10 лаборант, лабораторийн эмч ажилласан. ЭМЯ-аас ЗӨСҮТ-ийн явуулын лабораторийг Батцэнгэл суманд ажиллуулан, нийт 3148 хүнийг PCR шинжилгээнд хамруулснаас эерэг гарсан тохиолдол байхгүй байжээ.
Архангай аймгийн ЗӨСТ-ийн эцсийг халдваргүйтгэлийн тус бүр 3 хүний бүрэдхүүнтэй 1, 2-р багийг голомтонд томилон 14 хоног ажиллуулж 207 обьектийн 17.9 мянган м.кв талбайд эцсийн халдваргүйтгэлийг хийсэн байна.