АН Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч болж чадах уу?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль өрсөлдөгчгүй болж мэдэх нөхцөл үүслээ. Төрийн тэргүүний ээлжит сонгууль болоход ердөө зургаахан сарын хугацаа үлдсэн атал АН уг сонгуульд оролцох чадамжтай эсэх нь анхаарал татаж эхлэв. Үе үеийн сонгуулийн жишгээс харахад өдийд улс төрийн намууд дотооддоо нэр дэвшигчээ тодруулах процесс аль хэдийнэ эхэлчихсэн байх учиртай. Элдэв толхилцоонгүй намуудын хувьд энэ талаарх яриа хэлэлцээ төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа нь дамжиггүй. Хэдийгээр МАН ард түмний дэмжлэгээр үеийн үед давуу байдалтайгаар төрийн эрхийг барьж ирсэн ч, АН хоёронтоо төрд гарсан түүхтэй. Тийм ч учраас энэ нам аливаа сонгуульд хамгийн хүчтэй өрсөлдөгч байх учиртай. Харамсалтай нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд тэд төдийлөн жин дарж чадахааргүй болов бололтой. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намын төлөөлөл нэр дэвших эрхтэй. Өдгөө УИХ-д МАН үнэмлэхүй олонх байгаа бол АН 11, ХҮ нам нэг төлөөлөлтэй байгаа юм. Энэ бол ард түмний сонголтын дүн. Олон нийтэд санал болгох дараагийн сонголтын цаг ирж буй энэ үед АН чадамжгүйдэж гэмээнэ ХҮН-ыг өрсөлдөгч гэж тооцоход бараг боломжгүй юм. Энэ тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөн гарах магадлал үнэмлэхүй буурч байна. Өнгөрсөн оны төгсгөлд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар баталсан. Үүний дагуу ирэх сарын 1 гэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын товыг тодорхой болгоно. Ингэснээр СЕХ-ноос нарийвчилсан төлөвлөгөө баталж, бэлтгэл ажлыг үе шаттайгаар хангаж эхлэх юм. Үүний дараагаар буюу санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ зарлах учиртай. Товчхондоо, Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихээд байхад АН 2-3 удаагийн сонгуулийн шокноос гарч чадахгүй явсаар эцэстээ цаашид оршин тогтнох эсэх нь эргэлзээ дагуулж эхэллээ. УИХ-ын хоёр удаагийн сонгуульд ялагдсан АН сэхэл авч чадахгүй байсаар дараагийн сонгуультай золгосон. Тодруулбал, өнгөрсөн оны зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуульд ердөө бүлэг байгуулах хэмжээний суудал авсан АН-д дөрвөн сарын дараа ямар ч өөрчлөлт гараагүй байсаар дахин ялагдал хүлээсэн. УИХ-ын сонгуулийн дараа намын даргадаа хариуцлага тооцоод зогсохгүй намын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн цоо шинэ үзэл, хандлага, дүр төрхтэй болохоо зарлаж байсан ч талаар болсон. 
Улмаар өнгөрсөн оны аравдугаар сард болсон Орон нутгийн сонгуульд тэд улам дордсон байдалтайгаар оролцсон. Учир нь тэд уг сонгуульд бие даан оролцож чадаагүй бөгөөд МАХН, ШИНЭ намтай нэгдэж оролцсон ч амжилт олоогүй юм. Энэ цаг үеэс хойш даруй гурван сарын хугацаа өнгөрсөн ч АН-ын байдал улам хүндэрсээр байна.   
СОНГУУЛЬ БҮРИЙН ӨМНӨ БУЖИГНАДАГ ЖИШИГ АН-Д ТОГТОВ 
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ олон нийтэд зарласнаар энэ оны хамгийн халуун сэдэв улам ч газар авах хандлагатай болов. Түүний хувьд энэ бол зөвхөн хүсэлт төдий бөгөөд нам нь дэмжлэг үзүүлж, Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвших эрх өгөх эсэх нь тусдаа асуудал учраас түр орхиё. Гагцхүү хамгийн их анхаарал татаж байгаа нь АН Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч болж чадах эсэх тухай ойлголт болж хувирчихаад байна. Тодруулбал, энэ нам аливаа сонгууль бүрийн өмнө бужигнадаг, дотооддоо толхилцдог жишигтэй болчихож. УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө намын даргын зүгээс нэр дэвших эрх наймаалцаж, 100 саяын босго тогтоосноор дээр дооргүй бужигнасан. Дэнчин гэх нэрийдлээр нэр дэвших хүсэлтэй хүмүүсээс их хэмжээний мөнгө хурааж эхэлсэн нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй ямар ч хуульд байхгүй заалт гэдгийг хуульчид төдийгүй улстөрчид ч хэлж, хүчтэй шүүмжилсэн. Эцэстээ АН-ын удирдлагуудын энэ үйлдэл намыг татан буулгах хэмжээнд хүртэл яригдаж, асуудал хууль шүүхдээ тулж байв. Харамсалтай нь хагас жилийн хугацаа өнгөрсөн ч байдал дээрдсэнгүй. Өнөөдөр ч АН хууль шүүхтэй зууралдсан, дээр доороо орсон байдалтай байна. Төрийн тэргүүний сонгуулийн өрсөлдөөнөөс наана нэг талд нь гаргах олон асуудал АН-д үүсчихсэн. АН өнөөдөр хэд хуваагдсан, тамгаа булаацалдсан, нэгнээ үгүйсгэсэн байдалтай байна. Сүүлийн хоёр ч удаагийн УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээж буй АН чөлөөт уналт хийсээр өдгөө ёроолдоо тулчихаад байгаа нь энэ. Нэгдүгээрт, АН чадамжтай юу үгүй юү гэдэг эргэлзээтэй болсон. Учир нь 2020 оны сонгуульд намаа манлайлан авч орсон С.Эрдэнэ дарга сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч, хариуцлага хүлээн огцорсон. Ингэснээр тэрбээр өнгөрсөн оны долоодугаар сарын 8-нд Ц.Туваанд намын тамга тэмдгийг гардуулан өгсөн байдаг. Тамга тэмдэг гардаж авсан шинэ удирдлагууд өмнөх жишгээр намаа шинэчлэх их аянд мордсон ч С.Эрдэнэ даргынхаа эсэргүүцлээр хана мөргөчихөөд байна. 
Үр дүнд нь С.Эрдэнэ АН-ын тамгыг буцаан авсан, хуучин удирдлагууд оны өмнө болсон Их хурлаар өөрчлөлт оруулсан намынхаа дүрмийг баталгаажуулахаар Улсын Дээд шүүхэд хандсан байдалтай байна. Дээд шүүх ямар ч шийдвэр гаргасан АН доторх маргаан эцэс болохгүй нь гаслантай. Өнөөдрийн байдлаар талуудын хэн хэн нь өөрсдийгөө хамгаалсан байдалтай байгаа төдийгүй АН хоёр ч байртай болчихоод байна.  
С.Эрдэнэ энэ намыг удирдаж байхад АН түүний эзэмшлийн “Шонхор товер”-т байрлаж байсан бол Ц.Туваан удирдах болсноор АН-ын гишүүн асан Л.Болдын эзэмшлийн “Бодь цамхаг”-т байрлах болсон. Өнөөдөр ч “АН-ын захиргаа” хэмээн өөрсдийгөө нэрлэсэн хүмүүс хоёр байранд хуваагдсан байдалтайгаар нэгэн рүүгээ давшилж сууна. Хэн нь жинхэнэ дарга, аль дүрэм нь хүчин төгөлдөр вэ гэдгийг эхний ээлжид тодорхой болгох нь юу юунаас чухал болжээ. Энэ асуудлаа шийдэж гэмээнэ АН Ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөнд оролцоход нэг алхам ойртоно. Ингэж чадлаа ч тэдний асуудал дуусахгүй нь харамсалтай. Хоёрдугаарт, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ гэдэг том маргааны эх үүсвэр болчихсон. Энэ намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай хүн нь одоогийн Төрийн тэргүүн Х.Баттулга. Түүний хувьд дахин нэр дэвшихийн тулд шаардлагатай нүүдлээ хийгээд эхэлчихсэн. АН дотооддоо толхилцож, хэрүүл маргаан нь савнаасаа хальж эхэлснийг Х.Баттулгаас салгаж ойлгох аргагүй. Хэзээнээс фракц, бүлэглэлүүдийнхээ барьцаа, шантаажинд явж ирсэн АН-д энэ бол шинэ үзэгдэл биш. Гагцхүү тэдний дотоодын энэ толхилцоон АН-ын амийг тасалж мэдэхээр байгаа нь хоолойд тулсан асуудал болж хувирсан. Тамга тэмдэг, дарга цэргийн асуудлаа хүчээр ч болов дарж авлаа гэхэд нэр дэвшилтэд гал гарах нь гарцаагүй болсон. Намын тамга, тэмдгийг өөрийн болгож, АН-ыг даргалах эрхийг авах өндөр магадлалтай нь С.Эрдэнэ. Энэ тохиолдолд Ц.Туваан нартай үгсэн АН-ын дүрмийг шинэчилж, өрсөлдөгчгүйгээр өөрийг нь нэр дэвшүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр зүтгэсэн Х.Баттулгыг С.Эрдэнэ тийм ч амар хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөөтэйгүүр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхтэй эсэх нь эргэлзээтэй байгаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчид нэр дэвших хүнд тавигдах шалгуурт өөрчлөлт оруулсан. Ингэснээр УИХ-д суудалтай нам 50 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг зургаан жилээр, зөвхөн нэг удаа сонгодог байхаар болсон. Үндсэн хуулийн өөрчлөлтийг манай улс өнгөрсөн оны тавдугаар сараас мөрдөж эхэлсэн. Тиймээс Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахих боломжтой эсэх нь эргэлзээтэй болсон. Гагцхүү тэрбээр нэр дэвших хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн тохиолдолд Үндсэн хуулийн Цэцээс эцсийн шийдвэрийг гаргахаар байгаа юм. Энэ мэтээр зургаахан сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН ямархан дүр төрхтэйгөөр оролцохыг таахад бэрх байна. Өнөөгийн нөхцөл байдлаас дүгнэхэд ардчилагчдад Ерөнхийлөгчийн сонгууль бус намаа аварч үлдэх нь юу юунаас чухал болсныг сануулах нь зүйтэй болов уу
 М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0

Холбоотой мэдээ