Богд банкны IPO-ны андеррайтераар ард секюритиз ажиллана
Улаанбаатар хот, 2021 оны 2 сарын 3-ны өдөр - Богд Банк нь Монголын Хөрөнгийн Бирж дээр шинээр хувьцаа гарган олон нийтээс хөрөнгө оруулалт татах шийдвэрийг гаргалаа. Ингэснээр, Богд Банк (цаашид Банк гэх) нийт хөрөнгийн 20 хувийг нийтэд нээлттэй санал болгож, компанийнхаа хэлбэрийг хувьцаат болгон олон нийтийн өмчлөл бүхий анхны банк болох юм.
Монгол Улсын Их Хурлаас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан бөгөөд энэ хуулийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд тодорхой хугацааны дотор олон нийтэд хувьцаагаа арилжаалдаг, өмчийнхөө төвлөрлийг сааруулсан байх тухай заалтууд орсон юм.
Богд Банк нь 2014 онд байгуулагдаж Монголбанкнаас хадгаламж, зээл, гадаад болон дотоод төлбөр тооцооны үйлчилгээ, гадаад валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах зэрэг арилжааны банкны иж бүрэн үйл ажиллагаа явуулах эрх бүхий арилжааны банк юм. Тус Банк маш богино хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, Монголын зах зээлд өөрийн гэсэн өнгө үзэмжтэй, зах зээл дээр өвөрмөц байр суурийг эзэлсэн, орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй, харилцагч олон түмэндээ танигдсан шинэ зууны банк болохыг зорин шаргуу ажиллаж байна. Богд Банк нь Монгол Улсын санхүүгийн зах зээлд сүүлийн үеийн техник технологи, шинэ стандартыг анхлан нэвтрүүлэх замаар хөрөнгө оруулалт, байгууллага, хувийн банкны төгс шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа санал болгох замаар хөрөнгө оруулагчдынхаа үнэ цэн, өгөөжийг тогтвортой, өндөрт барьж ирсэн юм.
Богд Банкны Гүйцэтгэх Захирал бөгөөд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр Г. Саруул ажилладаг. Тэрээр АНУ болон Монголын банк, санхүү, хөрөнгийн зах зээл дээр 13 жил тасралтгүй ажилласан нэгэн билээ. Г.Саруулын зүгээс “Манай Банк олон нийтэд хувьцаагаа нээлттэй санал болгосноор олон жил хүлээгдэж, яригдсан арилжааны банкны өмчлөгчөөр Монголын ард түмэн болох үйл явцын салхийг хагалах гэж байгаад баяртай байна. Бид илүү нээлттэй, ил тод хувьцаат компанийн хэлбэрт шилжсэнээр компанийн засаглал төгөлдөршиж, Банкны үйл ажиллагаанд илүү их итгэл олон түмний зүгээс хүлээлгэж, орчин үеийн шилдэг банк болон хөгжихөд чухал ач холбогдолтой алхам болно гэж харж байгаа юм” гэж онцоллоо.
Тус Банкны хувьцааг хөрөнгийн зах зээлд олон нийтэд танилцуулан арилжаалах үндсэн андеррайтераар Ард Санхүүгийн Нэгдлийн охин компани болох Ард Секюритиз ҮЦК ажиллахаар болжээ. Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн дарга П. Батбаяр: “Банкны тухай хууль шинэчлэгдэн батлагдсан энэ үед Богд Банк олон нийтийн банк болох ажил үйлсэд бид хамтрах болсон тухайгаа дуулгахад таатай байна. Банкууд олон нийтэд нээлттэй болсноор хөрөнгийн зах зээл үсрэнгүй хөгжилд хүрч, банкны засаглалын тогтолцоо сайжран, ард түмний хүртэх өгөөж нэмэгдэх боломж бий болно. Цаашид арилжааны банкууд хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгож, үйл ажиллагаагаа тэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Ард Секюритиз ҮЦК нь брокер, дилер, гадаад арилжаа, андеррайтингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Тус компани 2020 онд хөрөнгийн захын цоо шинэ бүтээгдэхүүн болох Үндэсний Хувьчлалын Сан хаалттай хамтын Хөрөнгө Оруулалтын Сангийн хөрөнгийг татан төвлөрүүлэх ажлыг амжилттай гүйцэтгээд байгаа билээ. Mонголын Хөрөнгийн Бирж дээр Ард Секюритиз үнэт цаасны компанитай хамааралтай Ард Санхүүгийн Нэгдэл (MSE:AARD), Ард Даатгал (MSE:AIC), Ард Кредит (MSE:ADB), Монгол Шуудан (MSE:MNP), Үндэсний Хувьчлалын Сан (MSE:XOC) зэрэг таван компанийн хувьцаа арилжаалагдаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ард Секюритиз ҮЦК ХХК
Вэбсайт: ardsecurities.com
Имэйл: info@ardsecurities.com
Утас: +976 7707 8181 Богд Банк ХХК
Вэбсайт: bogdbank.com
Имэйл: info@bogdbank.com
Утас: +976 7577 1199